Харвони эмийг нийлүүлэх Санамж бичгийг үзэглэлээ

Иргэдийн дунд их хүлээлттэй байгаа элэгний С вирусийг 99 хувь устгадаг гэх “Harvoni” эмийг Монгол Улсад оруулж ирэх үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Тухайлбал өнөөдөр Эрүүл мэнд, Спортын яам, АНУ-ын Gilead Sciences компанитай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болсон юм. Уг ёслолын ажиллагаанд МУ-ын Засгийн газрын гишүүн, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба, ЭМСЯ-ны удирдлагууд болон АНУ-ын “Гилеад Сайнсес” компанийн Хөгжиж буй орнууд ба “Хүртээмж” хөтөлбөрийн Өмнөд, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийн орнуудыг хариуцсан Ахлах захирал ноён Аоран Бринкворф, мөн "Омбол" ХХК-ийн удирдлагууд, бусад албаны хүмүүс оролцлоо.

Уг санамж бичгийн зорилго нь Харвони, Совалди эмийг эмчилгээнд ашиглах явдал бөгөөд аль болох богино хугацаанд, хямдралтай үнээр нийлүүлэхэд оршиж байгаа юм. Энэхүү эмийн үр дүн нь 96-97 хувьтай байдаг гэдгийг албаныхан батлан хэлж байв.

Харвони эмээр явагдах эмчилгээ, үйлчилгээний асуудлыг ЭМС-ын сайдын тушаалаар журам гаргажээ. Иймд журмын дагуу тодорхой төлөвлөгөөтэй эмчилгээ явагдана гэдгийг онцолж байлаа. Мөн энэ үеэр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба хэлэхдээ "Энэ эм дөрөвдүгээр улирлаас иргэдийн гарт очих боломжтой болно. Үнийн хувьд нэг сар уух эм 400 ам. доллар буюу нэг курс эмчилгээнийхийг 1200 ам.доллароор нийлүүлэхээр болсон. Тухайн хүний өвчлөлийн зэргээс шалтгаалан энэ эмийг хэрэглэх хугацаа, хэмжээг тодорхойлох юм" гэлээ. Харвони эмийн АНУ-ын зах зээл дэх нэг курс эмчилгээнийх нь үнэ 94,000 ам. доллар байдаг юм байна.

Ийнхүү олон улсын стандартын шаардлага хангасан эмийг Монгол Улсад нэн хямдралтай үнээр нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ