Дэлхий дээрх хамгийн хачирхалтай хотууд

Аяллын мэдээ мэдээллийн “Travel + Leisure” сэтгүүлээс амьдралын хамгийн сонирхолтой хэв маяг бүхий арван хот тосгоны тухай мэдээллийг гаргажээ. Өвөрмөц өнгө төрх бүхий эдгээр газар нь жуулчдын сонирхлыг маш их татдаг. Ингээд дэлхийн цор ганц хууль үйлчилдэггүй хотоос эхлээд газар доорх гайхамшигт ертөнц хүртэлх гайхшруулмаар хот тосгодоор аялцгаая.
Харь гарагийн хот: Розуэлл (АНУ)
1947 оны зун Розуэллээс харь гарагийн нисдэг биет осолдсон нь хотын амьдралыг бүхлээр нь өөрчилсөн юм. Өнөөдөр энэ хотын бүхий л үйлчилгээний төв нь харь гарагийн мэт уур амьсгалыг шингээсэн байдаг. Тухайлбал дэлхийн хамгийн алдартай МакДоналдсын салбар л гэхэд харь гарагийн нисдэг таваг шиг хэлбэртэй байдаг. АНУ-ын цэргийнхэн хотод харь гарагийн нисдэг таваг биш Могул төслийн агаарын бөмбөлөг сүйрсэн гэж үздэг. Гэвч Розуэлл хот нь харь гарагийн өнгө төрх бүхий юу л байна түүгээрээ олон орны жуулчдын сонирхлыг багагүй татсаар байгаа юм.
Хууль дүрэмд захирагддаггүй хот: Слаб Сити (АНУ)
Дэлхийн II дайны үеийн цэргийн хуаран байсан Слаб Сити нь Салтоны тэнгисийн ойролцоох цөл газарт байдаг. Энэ хотод ямар ч хууль дүрэм байхгүй бөгөөд энэ ч утгаараа АНУ-ын цор ганц эрх чөлөөт хот гэж нэрлэгддэг. Слаб Ситиг зорьсон хүн бүрийн анхаарлыг татдаг нэг зүйл нь “The Mount Salvation” уул юм. Уулыг уран бүтээлч Леонард Найтын өвөрмөц өнгө аяс бүхий урлагийн бүтээлээр чимэглэсэн нь алсаас гайхалтай харагддаг.

Слаб хотод тог цахилгаан гэж байхгүйгээр үл барам ундны ус, угаалгын өрөө, бохирын шугамын аль нь ч байхгүй. Бямба гараг бүр хүмүүс задгай талбайн “The Range” нэртэй цэнгээний газар руу явж нутгийн хөгжимчдийн тоглолтыг үзэж цэнгэн баясдаг. Эндэхийг зорих хүмүүс ундны усаа өөрсдөө авчрах ба зарим нэмэлт хэрэгслүүдээ 6.4 км зайд байдаг Ниланд тосгоноос очиж авдаг гэнэ.
Шашинлаг хот: Лили Дейл (АНУ)
“HBO” сувгийн баримтат кинонд гардагчлан “The Healing Temple” сүмийг зорьж ирдэг хүмүүс олон ажээ. Энд ирснээр сүсэгтэн олон ер бусын энергийг мэдэрч сэтгэл санаагаа ариусгахаас гадна МЕДИУМ буюу сүнстэй ярилцдаг. Амар амгалан ноёлсон ертөнцийн гайхамшигтай энэ газар 15 орчим сүнс байнга амьдарч үе үе үзэгддэг гэнэ. Хүмүүс тэдэнтэй ярилцаж хувь тавилангаа асуухаас илүү сэтгэл оюунаа амрааж, далд ертөнцийн нууцлаг мэдрэмжээ хөгжүүлэхийг эрмэлздэг.

Лили Дейл хотод 275 орчим хүн амьдардаг ба жил бүр 22.000 - 25.000 жуулчид ирдэг. Хотод амар амгаланг мэдрүүлэх сүмээс гадна кофе шоп, ресторан, бэлэг дурсгалын дэлгүүр, музей, тоглоомын талбай, номын сан, гал команд болон шуудангийн салбар ч бий. Хот руу орохын тулд $5 - $10 ам.долларын хураамж төлдөг.
Шатрын хот: Элиста (ОХУ)
Халимагийн нийслэл Элиста хот нь шатрын спортын дэлхийн хамгийн алдартай газруудын нэг юм. Европын Буддын шашинт муж гэж нэрлэгддэг энэ хотын төв талбай нь шатрын хөлөг бүхий сонирхолтой үзмэртэй гэдгээрээ жуулчдын сонирхлыг татдаг. Төв талбай дахь үзмэрээс гадна Шатрын хот гэж нэрлэдэг соёлын томоохон төвтэй ба Буддын шашины зан үйл, урлагийн бүтээл бүхий үзмэрийн танхимтай юм. Нэгэн цагт Далай лам хүртэл эндэхийг зорьж
ирсэн түүх бий.
Ахмад настнуудын хот: Виллижс (АНУ)
АНУ-ын төдийгүй дэлхийн хамгийн олон ахмад настан амьдардаг Виллижст 55 ба түүнээс дээш насны 100.000 гаруй хүн ам оршин суудаг. Энд гольфийн 34 талбай, шөнийн цэнгээний 9 газар, бизнесийн хоёр төв байдаг ба хүүхэд багачуудыг хотод оруулахыг хориглодог. Албан бус мэдээллээр энэ хотыг ахмад настай хүмүүст зориулсан Диснейн ертөнц гэж нэрлэдэг ба нэг эр хүнд 10 эмэгтэй ноогддог ажээ. Зарим эх сурвалжид тэмдэглэснээр хотод Виаграны томоохон хар зах ажилладаг гэнэ.
Хогон дундах хот: Маншият Насир (Египет)
Каир дахь Маншият Насир гэж нэрлэдэг жижигхэн хот нь “Хогон дундах хот” гэгддэгээрээ дэлхий дахины анхаарлыг багагүй татдаг. 5.54 км.кв талбайг хамран орших хот нь бүхэлдээ хогонд дарагдсан байдаг учир “The Garbage City” гэдэг. Хотын дэд бүтцийн асуудлыг огт шийдээгүйгээс гадна ундны ус, тог цахилгаан, бохирын систем ч байхгүй. 262.050 гаруй хүн амын олонх нь Каираас ачигдаж ирсэн хогийг өглөөнөөс үдэш хүртэл дахин боловсруулах ажлыг хийдэг. Хотын тухай дэлгэрэнгүй баримтат киног бүтээсэн нь “The Garbage Dreams” (2009) нэртэйгээр гарсан юм.
Хийн баг зүүдэг газар: Мияке - Жима арал (Япон)
Токио хотоос 177 км - ийн зайд 2800 орчим оршин суугчтай Мияке - Жима нэртэй арал байдаг. Энд XX зууны хамгийн аюултай галт уулаар нэрлэгдэж байсан Ояма галт уул бий. 1940 онд галт уулын халуун лавын нөлөөгөөр 11 хүн амиа алдсан байдаг. Хамгийн аймшигтай дэлбэрэлт нь 2000 онд болсон ба 17 жил унтаа байдалтай байсан галт уулын дэлбэрэлтийн улмаас арал дээр хүн амьдрах боломжгүйд хүрчээ.

Өдөр бүр 10.000 - 20.000 тн хүхэрлэг диоксид ялгаруулж байсан учир хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна. 2005 оноос арлын хор гадагшилж хүмүүс арал дээрээ эргэн суурьших болсон бөгөөд ингэхдээ байнга хийн багтай явах болжээ. Засгийн газраас эрүүл мэндийн үзлэг оношилгоог тогтмол хийх болсон ба зарим газруудад орох хориг тавьсан юм. Эндэхийг зорих жуулчид хийн баг зүүж ууланд авиралт хийх, усанд сэлэх, шумбах зэргээрээ сонирхолтой адал явдлыг эрэлхийлнэ
гэж итгэдэг.
Газар доорх хот: Кубер Педи (Австрали)
Эрдэнийн чулуун нийслэл гэж нэрлэдэг энэ газар Австралид байдаг. Тодруулбал Аделайдагаас хойш 846 км газарт байдаг энэ хотыг 1915 онд бүтээн байгуулжээ. Кубер Педигээс гэрэлтчимэд чулууг олборлож эхэлсэн нь Европынхны анхаарлыг ихээхэн татаж, уурхай илрүүлэхээр ирэх хүмүүс олон болжээ. Улмаар газар дээр амьдрахаас илүү газар доор амьдрахыг илүүд үзэх болсноор “The Coober Pedy” хотыг босгосон юм. Газрын хөрсөн дээр 51.6ºС хэм байдаг бол энд орчны температур тогтмол агаад сэрүүн байдаг.

Зарим айл нь 450 м.кв талбайг хамарсан газар доорх тансаг сууцыг бүтээсэн нь ч бий. Энд газар доорх сүм, дэлгүүр, урлагийн галерей байхаас гадна дөрвөн одтой дэлхийн анхны цөлийн зочид буудал “The Desert Cave Hotel” байдаг. “The Coober Pedy” нь кино бүтээгчдийн хамгийн их зорих дуртай газраар нэрлэгддэг ажээ.
Хүн ам хамгийн шигүү суурьшсан хот: Коулун (БНХАУ)
Дэлхийн хүн ам хамгийн шигүү суурьшиж байсан хотын нэг нь Хонг Конгт байдаг байжээ. 1600-гаад оны үед БНХАУ-ын цэргийнхэн Их Британий цэргийн хүчнээс хамгаалж барьсан энэ хот нь хана хэрэм бүхий бэхлэлт юм. 6.5 акр талбайг хамран орших хана туургаар хүрээлэгдсэн энэ газрын нүх сүв бүрт 33.000 - 50.000 хүн ам амьдардаг байжээ. Дэлхийн II дайны дараа эндэхийг зорих дүрвэгчид олширч 1947 оноос цагаачдын хот гэгдэх болсон юм. Гэмт хэргийн гаралт багатай байсан л болохоос амьдрах орчин авах юмгүй байсан тул Их Британи ба БНХАУ-ын Засгийн газрын шийдвэрээр хүн амыг нүүлгэн шилжүүлж хотыг нураах болов. Ингэхийн тулд БНХАУ-ын Засгийн газраас хүн амыг нүүлгэн шилжүүлэхийн тулд $2.7 тэрбум Хонг Конг долларыг зарцуулсан байдаг. Ингээд 1994 онд хотыг бүрэн нурааж одоогийн “The Kowloon City Park”
цэцэрлэгт хүрээлэнг байгуулжээ.
Үхэгсдийн хот: Колма (АНУ)
Сан Матеогийн нутаг дэвсгэр дээрх хамгийн жижигхэн хотын нэг Колма нь нас барагсдынхаа тоогоор дээгүүр бичигддэг газруудын нэг юм. Энд оршуулгын 17 газар байх ба 2010 оны байдлаар 1800 хүн амтай хотын хөрсөн доор 1.500.000 нас барсан хүн байжээ. Заримдаа энэ газрыг “Чимээгүй хот”, “Сүнстэй хот” ч гэж нэрлэдэг юм.

Тэгвэл эсрэгээрээ газрын хөрсөн доор ямар ч хүнийг хөдөөлүүлдэггүй хот байдаг ба энэ нь Норвегийн Лонгйирбюен юм. Цаг агаарын эрс тэрс уур амьсгалын нөлөөгөөр цогцос жам ёсоороо задарч газартаа шингэдэггүй гэсэн шалтгаанаар энд нэг ч оршуулгын газар байдаггүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ