Элэгний эмийн нэг курс эмчилгээний үнэ 1200 доллар

Манай улсад элэгний С вирустэй 150 мянган хүн байгаа гэсэн эрдэмтдийн судалгаа бий. Үүнээс 52 мянган хүнд нэн яаралтай эмчилгээ хийх шаардлагатай байгаа юм. Тиймээс ч иргэдийн дунд хамгийн их хүлээлттэй байгаа эм бол элэгний С вирусийг устгах чадвартай “Harvoni” эм юм. Харвони эмийн гол онцлог нь эмчилгээнд дангаараа хэрэглэгддэгээрээ давуу талтай. Энэ эмийг Монгол Улсад АНУ-ын “Гилеад Сайнсес Инк” /Gilead Sciences Inc/ компани нийлүүлэх бөгөөд албан ёсны борлуулагчаар “Омбол” ХХК ажиллах юм.

Өнөөдөр АНУ-ын эмийн зах зээлд Харвони эмийн гурван сар уух нэг курс эмчилгээнийх нь үнэ 94 мянган доллар байдаг бол манайд хамгийн хямдаар буюу 1200 доллароор авахаар болжээ. Өөрөөр хэлбэл, нэг сар уух эмийг 400 доллароор нийлүүлж байна. Энэ бол хамгийн доод үнэ гэнэ. Ийм үнээр манай улсаас гадна зөвхөн Египетэд нийлүүлдэг ажээ. Египетийн хувьд элэгний С вирусээр өвчилсөн 1 сая хүн байдаг байна. “Гилеад Сайнсес Инк” компани энэ мэтчилэн үнийн хямдралыг тогтоохдоо тухайн улсад гипатет С вирусийн халдвар ямар хэмжээтэй байгааг, мөн ДНБ-ий хэмжээ зэрэг бүх зүйлийг харгалзан үздэг байна.

Харвони эмийг нийлүүлэхтэй холбогдуулан өчигдөр албаны хүмүүс хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү элэгний С вирусийг устгах чадвартай эмийн талаар зарим зүйлийг тодруулсан юм.

-Олон улсад хэрэглэгдэж байгаа гэх энэ эм хэр баталгаатай вэ? Хуурамч биш гэдгийг яаж мэдэх вэ?

“Гилеад Сайнсес” компанийн Хөгжиж буй орнууд ба “Хүртээмж” хөтөлбөрийн Өмнөд, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийн орнуудыг хариуцсан Ахлах захирал ноён Аоран Бринкворф:

-Энэ бол үйлдвэрлэлийн шаардлагыг хангасан, Европын төдийгүй дэлхийн олон улс оронд хэрэглэж, өндөр үр дүнтэй гэдэг нь батлагдсан эм. Гагцхүү энэ эм өнгөөрөө л ялгарах юм. Харин доторх найрлага, үйлчилгээ нь яг хэвээрээ, оригинал эмийг нийлүүлнэ.

Омбол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхдэлгэр:

-Манайд энэ эм цагаан өнгөтэй орж ирнэ. Европ, Америк зэрэг улсад шар өнгөтэй байдаг. Гэхдээ эмийн орц, найрлагад ямар ч өөрчлөлт орохгүй, үйлчилгээ нь яг адилхан. Манай компаниас өөр компаниуд хуурамч эм оруулж ирэх ямар ч боломжгүй тул үүнд иргэд санаа зовох шаардлагагүй гэдгийг хэлье. Энэ эрсдлийг бид бүгдийг тооцож төлөвлөх болно.

-Энэ эм хэзээ худалдаанд гарах вэ?

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба:

-Олон улсын хэмжээнд энэ эмийн эрэлт хэрэгцээ маш өндөр байгаа. Зарим улсад 3-4 дахин их эрэлттэй байгаа гэж компанийн зүгээс хэлж байсан. Тиймээс бид аль болох богино хугацаанд эмчилгээ, үйлчилгээндээ хэрэглэж эхлэхийг зорьж байна. Энэ компани ч гэсэн манай улсын хэрэгцээ шаардлага төдийгүй идэвхи санаачлагыг харгалзан үзэж яаралтай оруулж ирэхээр ажиллаж байгаа юм. Гэхдээ тодорхой тооны үе шаттайгаар явуулна. Эхний ээлжинд тодорхой тооны бэлдсэн эмийг оруулна. Тэрнийхээ дараа үйлдвэрлэлтээсээ мөн тодорхой тооны үе шаттайгаар дахин оруулж ирнэ. Бид ерөнхийдөө 4 дүгээр улирлаас эмчилгээгээ эхлүүлэх бололцоотой болно. Тоо хэмжээний хувьд ямар нэгэн хязгаар тогтоогоогүй байгаа. Цаашдаа ч шинээр бүтээгдэх эм, эмийн бүтээгдэхүүн дээр тус компанитай хамтарч ажиллах эхлэлийг энэ үйл ажиллагаагаар тавьж байгаа юм гэсэн хариултыг өглөө.

Харвони эм нь эмийн сангуудаар эмчийн жорын дагуу олгогдоно. Тодруулбал, таван эмийн санг сонгоод дүүрэг бүрт нэг эмийн санд уг эмийг олгох ажээ.

Саволди эмийн хувьд "Омбол" компанид ирсэн байгаа бөгөөд энэ сарын сүүлчээр олгож эхлэх гэнэ. Харин Харвони эмийг ирэх наймдугаар сараас үе шаттайгаар олгох юм байна.

Гилеад Сайнсес Инк” компани нь “Хүртээмж” хөтөлбөрийнхөө хүрээнд манай улсад хамгийн доод үнийг санал болгосон шалтгаан нь иргэд өөрсдийн мөнгөөрөө уг эмийг худалдан авах тул иргэдэд санхүүгийн хүндрэл, дарамтыг аль болох бага үзүүлэх зорилготой хэмээн “Гилеад Сайнсес” компанийн төлөөлөгч Аоран Бринкворф тайлбарлаж байлаа.

Дашрамд сонирхуулахад, Канад Улсад Харвони эмийг хэрэглэгчид даатгалаараа эмээ авдаг байна. Өөрөөр хэлбэл, гипатет С вирусийн эмчилгээнд хамрагддаг, бүртгэлтэй хүмүүс л энэ эмийг авах боломжтой. Иймд тухайн улсаас Харвони эмийг авч өөр улсад хэрэглэх ямар ч боломжгүй юм байна. Мөн тэд цахим хуудсанд групп үүсгэж, хоорондоо харилцаж санаа бодлоо солилцдог ажээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ