Монголыг зорих жуулчид хаа байна?

Танил ах маань сүүлийн зургаан жил жуулчдад машинаар үйлчилдэг ажил хийсэн. Ирсэн жуулчдыг орон нутагт явахад нь машинаар үйлчлэх ажлыг гэр бүлийн хамт хийж компани хүртэл байгуулчихсан. Нийтдээ 10 машин үйлчилгээнд явуулж, мөн тооны тогооч, хэлмэрч, хөтчийг ажиллуулж улирлын чанартай энэ бизнесээрээ чамгүй орлого олчихдог байлаа.

Гэтэл энэ жил дампуурлаа зарлахад хүрчихээд байгаагаа учирлан ярив. 10 машинаа тав болгон цөөрүүлж, ажилчдын тоогоо багасгаад ч ашиг олохгүй байгаа гэнэ. Жил бүр дарааллаа дийлэхгүй болдог энэ үйлчилгээний компаниар өнөө жил бараг л жуулчин үйлчлүүлээгүй аж. Цөөхөн хэдхэн Хятад, Япон иргэнийг авч ганц удаа л халтуур хийснийг эс тооцвол өнөө жил жуулчин тун бага байна хэмээх.

Мэдээж наадам болоогүй, урин дулаан цаг болоогүй байхад хэн ирэхэв хэмээн өөдөөс нь сөргөсөн ч өдийд бол жуулчид тасрахгүй цувж байдаг гэдгийг туршлагаараа батлан амыг минь таглаж орхисон юм. Тэгвэл энэ байдал олон газар ажиглагдаж байгаа бололтой. Бид уг нь энэ жил жуулчдыг хэдэн саяар нь татах бодлого хэрэгжүүлсэн. Дэлхийн аялал жуулчлалын том үзэсгэлэнд хүртэл гол түншлэгч орноор оролцож “Welcome to Mongolia” хэмээн уриалсан. Ерөнхийлөгчөөсөө эхлээд л аялал жуулчлалаа хөгжүүлэх талаар анхаарсан ч үр дүн гарсангүй бололтой.

Өмнөх жилүүдээс жуулчид эрс цөөрсөн гэдгийг жуулчны компанийн хүмүүс хэлээд байгаа учраас үнэний ортой мэдээлэл болж таарлаа. Тэгэхээр бид ганцхан сурталчилгаа явуулаад өнгөрөх бус илүү барьцтай үйл ажиллагаа хийх шаардлагатай болчихоод байна. Гадны нэг дуучин урьж аялал жуулчлал татна гэхээс илүүтэй үндэсний гэсэн бүхнээ дэлхий дахинд аятайхан сурталчлаад өгөхөд буруудахгүй. Азийн орондоо Монгол хэдийнэ танигдсан нь сүүлийн үед мөнгөө үрэх гэсэн хятад, япон,солонгосчууд Монголыг зорих болсноос харж болно. Тэгвэл энэ сурталчилгаагаа дэлхийд хүргэх нь бидний гол зорилго болчихоод байгаа юм. Тиймээс энэ жилийн наадмаа хүн үзэж харахаар зүйлтэй, үндэсний гэсэн хэв маягаа хадгалсан, “Хөсөгтөн”, “Алтан Ураг”, ОХУ, Франц, Англи, Америкийн тайзнаа Монголыг нэрийг дуурсгаж яваа бүжигчид, дуучдыг урьсан том хэмжээний фестиваль хэлбэрээр зохион байгуулж жуулчдын анхаарлыг татах хэрэгтэй болоод байна. Үндэсний гэсэн бүхнээ харуулахын тулд хамгийн наад зах нь замаа аятайхан янзлах шаардлага тулгарна. Зам дагуух бие засах газрууд, хоолны газар, очиж үзэх газрынх нь таних тэмдэг, замын тэмдэг тэмдэглэгээг хийхээс эхлээд бидэнд хийх ажил чамгүй олон байгаа. Хамгийн эхэнд аюулгүй байдлаа хангах нь биднийг жуулчид тоож ирэх үү, үгүй юу гэсэн нэг том шалгуур болно.

Аялж жуулчлахад хамгийн эрсдэлтэй орны тоонд орчихсон атлаа мянга түм манайд тавтай морил гэж уриад яах юм бэ. Амралт зугаалгын цагаар борооны дараах мөөг шиг олширдог мянга түмэн амралтын газрууддаа стандарт тогтоож, шаардлага хангахаас эхлээд жуулчин татах ажил эмхэндээ орох өдий байна. Тиймээс өнөө жилээс эхлээд бодлогодоо нийцүүлэн асуудлаа цэгцэлж, Монголын талаарх сурталчилгааг хангалттай хийе. Ганцхан үзэсгэлэнд оролцоод манайд тавтай морил гэдэг биш ирсэн хүн дахиж эргэж ирдэг, эсвэл ах дүү амраг садан, танил талаа Монголд очоорой хэмээн уриалах хэмжээнд иргэдийнхээ сэтгэхүйг өөрчилье.

Гадны хар шар иргэдийг харахаараа мөнгө болгож хардаг, үндсэрхэг, эх оронч гэсэн балай үзлээсээ болж тэднийг жигшээгээд байвал төд удалгүй аялал жуулчлалын бизнес чинь дампуурах вий. Энэ жил жуулчин бага байгааг мэдээж салбарын хүмүүс анхаарах л болов уу. Наадмаа ядахдаа хүний нүдэнд өртөхөөр, анхаарал татахаар зохион байгуулалттай хийчихвэл жуулчид намрыг дуустал манайхыг сонирхох байлгүй гэж найдъя. Өнөө жил ирсэн жуулчдаа л сэтгэл хангалуун явуулаарай даа, иргэд минь.

Б.Өнөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ