Путин Ромын Паптай уулзахдаа дахиад л бүтэн цаг хоцров

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Италид айлчилж байна. Путин Ромын Паптай уулзахдаа бүтэн цаг хоцорч очсон ч Энх тайван, шударга ёсыг авч ирэгч Сахиусан тэнгэрийн медалиар шагнуулжээ.
Путин энэ удаа Аврагч Христийн сүмийг алтан утсаар хатгасан зургийг Ромын Папт бэлэглэсэн байна. Харин Ватикан энэ үйл явдлыг сурвалжилж байсан сэтгүүлчдэд эрхи бэлэглэжээ. "Манай Ерөнхийлөгч хүндэтгэх шалтгаанаар хоцорсон, Миланы хэлэлцээр сунжирч бас замын түгжрээ их байсан" гэж Кремль тайлбарлалаа. Дашрамд дурдахад, Путин урт лимузинд сууж, түүний цуваанд 13 авто машин явсан гэнэ.
Ромын Пап, Путин хоёр 50 минут уулзахдаа Украин ба Сирийн асуудал, Ойрхи Дорнодын байдал зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Италийн Ерөнхий сайд Маттео Ренци, Оросын тэргүүн Путин нар "Экспо-2015" үзэсгэлэнд хүрэлцэн ирэхэд италичууд "Орос", "Путин" гэж хашгиралдан халуун дулаанаар угтан авч байлаа.
Европын холбоо хориг тавьсан ч хоёр орны харилцаа сайн хэвээр гэж Путинд харуулахыг Италийн Ерөнхий сайд Ренци их хичээж байсан гэж дэлхийн сонин хэвлэлүүд бичиж байна.Путин "Их сонирхолтой, гүн агуулгатай, ач холбогдолтой өдөр байлаа. Засгийн газрын тэргүүнтэй сайн ажилласан, Ромын Паптай хийсэн уулзалт сайхан болж өнгөрлөө" хэмээн тэмдэглэжээ.
Нэмж өгүүлэхэд, Америк энэхүү айлчлалыг их эмзэглэн хүлээн авч тэр бүү хэл Ромын Папт хандан "Оросын Ерөнхийлөгч Путинтэй их хатуу, чанга ярьж шүүмжил" гэж зааварласан байна.
Дэлхийн цагдаа гэгддэг АНУ өөрийгөө Ромын Пап ламд тушаах эрхтэй гэж боддог бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ