Хотын даргад хоноцын сэтгэл байхгүй

Хотын даргын алба хашаад хоёр жил гаруй хугацаа өнгөрөхөд Э.Бат-Үүл дарга магтуулахаасаа муулуулсан нь олон болов уу. Тэрбээр орон нутгийн 2012 оны сонгуулийн дараа Улаанбаатар хотын захирагч болмогцоо автомашинуудыг улсын дугаарын хязгаартайгаар замын хөдөлгөөнд оролцуулж, автобусуудыг нэгдүгээр эгнээгээр зорчуулах шийдвэр гаргасан нь энэ явдлын эхлэл байв.

Өөрийн мөнгөөрөө машин худалдан авч, татвараа 365 хоногоор тооцон өгч байж яагаад долоо хоногийн нэг өдөр автобус царайчилж, алхах ёстой гэж хэмээн нийслэлийн иргэдийн нэлээд хэсэг нь бухимдаж, тухайн үедээ л том асуудал үүсч байв.

Гэвч жил гаруй хугацаанд туршсан уг зохицуулалтын дүнд хотынхны толгойн өвчин болсон замын түгжрэл мэдэгдэхүйц буурсан нь үнэн. Мөнөөх муу нэртэй том оврын автобусууд хамгийн хурдан унаагаар “шалгарчихаад” байна. Эцэст нь нийтээрээ хүлээн зөвшөөрч, дийлэнх нь дэмжсэнээр эл шийдвэр өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдсөөр байна. Үнэндээ энэ өөрчлөлтийг Э.Бат- Үүл зоригтой эхлүүлээгүй байсан бол өдрөөс өдөрт нэмэгдэж буй автомашинуудыг шингээх зам Улаанбаатар хотод байгаа гэж үү.

Э.Бат-Үүл даргын зоримог шийдвэрүүд Гэр хорооллын дахин төлөвлөлт төслөөр үргэлжлэв. Эрэмбээрээ хамгийн тэргүүнд бичигдэх Улаанбаатар хотын агаарын бохирдлыг ийм аргаар шийдэхээс өөр гарцгүйг тэрбээр хамгийн сайн ойлгож харсан. Тиймдээ ч шахмал түлш, гэрийн дулаалга гэхээс илүүтэй энэ ажилд хөрөнгө, хүч хаясан. Хэдийгээр ярвигтай олон асуудал одоо болтол тасрахгүй байгаа ч уг төслийн үр дүн эхнээсээ гарч буй. Өнөөдрийн байдлаар гэхэд утаа баагиулдаг 600 орчим яндангаасаа бид салж, ийм тооны айл өрх дулаан, тохилог орон сууцанд амьдарч байна. Энэ ондоо багтаад 2500 орчим айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй. Зөвхөн гэр хорооллоос гадна хана туурга нь нурж, цонх нь сийгэж, дээвэр туурга нь хөгцөрч мөөгөнцөртөөд, хүн амьдрахад хүндрэлтэй болсон хуучны орон сууцуудыг шинэчлэх ажил өнгөрсөн хавар гараанаас гарсан. Тавьж буй нөхцөл нь ч тодорхой, боломжийн хэлбэрээр хэрэгжихээр харагдаж байгаа.

Нүдэнд харагдаж, гарт баригдахгүй ч онцлох ёстой нэг чухал үйл бол авлигын эсрэг ажиллагаа. Улс төрд олон жил байсны хувьд хотын дарга болсныхоо дараа тэрбээр хөгжлийг хамгийн ихээр чангааж, хар тамхи мэт хор уршиг учруулдаг авлигатай хатуу тэмцэхээ илэрхийлсэн билээ. Өнөөдрийн байдлаар төр, засгийн байгууллагууд дундаас энэ чиглэлээр хамгийн идэвх, санаачилгатай ажиллаж буйг нь АТГ үнэлсэн. Энэ хүрээнд хийж буй, иргэдэд хамгийн ойр ажил нь төрийн үйлчилгээг албан тушаалтан, эрх бүхий этгээдээс хараат бусаар явуулах шийдлүүд. Тухайлбал, юун түрүүнд араасаа хардалт дагуулдаг газар олгох ажлыг тэрбээр цахим болгох шийдвэр гаргасныг дурдаж болно. Газар өмчлөх эрхтэй иргэдийн хүсэлтийг цахимаар авснаар чирэгдэл, хүнд суртал үгүй болж, цаг хугацаа ихээр хэмнэж буй нь эхнээсээ харагдсан. Цахим газар өмчлөлийг гурван удаа зохион байгуулахад нийт 640 орчим мянган хүн хамрагдсанаас 40 орчим мянган иргэн газраа өмчлөх эрх аваад байна. 1990-2012 он хүртэл газар өмчилж авсан 100 гаруй мянган л иргэн байдаг гээд бодохоор энэ бол ахиц юм.

Олон улсын байгууллагуудын хийсэн судалгаагаар Монгол Улсын авлигын “ертөнцөд” нэг тэрбум төгрөг эргэлдэж байдгийг дурдсан байдаг. Үүний тодорхой хувь нь газрын наймаанд зориулагддаг гэдэг нь нууц биш билээ. АНУ- ын Стэнфордын их сургуулийн Фрийманэ Спогли олон улс судлалын хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, Ардчилал, хууль эрх зүйн төвийн захирал, “Hoover” хүрээлэнгийн ахлах эрдэмтэн Ларри Даймонд өнгөрсөн оны аравдугаар сард Улаанбаатар хотноо анх удаа болсон Авлигын эсрэг олон улсын хуралд оролцох үеэрээ яг энэ харилцааны талаар оновчтой тодорхойлсон нь бий. “Авлигатай засаглалд жирийн иргэд эдлэх ёстой эрхээ мөнгөөр худалдаж авдаг” хэмээн хэлсэн. Энэ нь яг өнөөгийн бидний амьдралтай яв цав нийцэж байна. Харин төрийн тодорхой үйлчилгээнүүдийг цахимжуулснаар энэ харилцааг бага ч болов зохицуулах гарц болсон хэмээн дүгнэхэд буруудахгүй болов уу.

Энэ мэтчилэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Үүл баатрын хийсэн ажлуудыг тоочно гэвэл урт жагсаалт болно. Захын хорооллуудыг хүүхдийн автобустай болгосноос гадна эцэг, эхчүүдтэй хамтран “School police” арга хэмжээ хэрэгжүүлж буйг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ ажлын дүнд замын осолд орох, дээрэмдүүлэх хүүхдийн тоо буурсныг иргэд сайшааж байгаа.

Өнөөгийн Улаанбаатарыг хоёр жилийн өмнөх өнгө төрхтэй нь харьцуулах гээд үзье л дээ. Хотын ногоон байгууламжуудыг арчлан хамгаалж, хариуцах эзэнтэй болгосноор хэрхэн өнгө зассантай маргах хүн лав гарахгүй биз ээ. Хэл ам дагуулсан ч хотын төвөөр алаглуулан тарьсан цэцэгсийг таашаах хүн илүү олон байсан гэдэгт итгэлтэй байна. Үүний цаана бодлогын хүрээнд хийсэн том ажлуудыг товчхон тоочиж болох юм.

“Найрсаг Улаанбаатар”, “Ухаалаг Улаанбаатар”, “Авлигагүй Улаанбаатар”, “Улаанбаатар хотын орон сууцны хөтөлбөр” гэх мэт томоохон хөтөлбөрийг санаачлан батлуулсан нь мөн л цоо шинэ ажил байлаа. Женнифер Лопезийг 1.5 сая ам.долларын хөрөнгө зарцуулж, наадмын нээлтэд дуулуулна гэсэн яриа хотын даргын талаар хамгийн сүүлд цахим ертөнцийг шуугиулсан мэдээ байв. Хэрэв бид арай томоор харж, сэтгэж чадвал дэлхийн хэмжээний тэр дуучин ирснээр өнөө бидний хүсээд байдаг жуулчдыг татах нэгэн хүчин зүйл яах аргагүй мөн. Монгол Улсын хоёр хөрш агуу том ч хаалттай, хүсээд бүтдэггүй зүйл бас тэдэнд бий. Хэрэв Жэй Ло үнэхээр ирвэл Орос, Хятадаас чамлахааргүй олон жуулчин манай нийслэлийг зорино гэдэгт мөрийцсэн ч бэлэн байна.

Хотын дарга Э.Бат-Үүл “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөртөө нэлээд итгэл найдвар тавьж, ач холбогдол өгч буй. Тийм ч учраас 10 хүрэхгүй жилийн дараа гэхэд Улаанбаатар хот 500 мянга биш, бүр таван сая жуулчин хүлээн авдаг болно гэсэн том зорилт тавьсан. Үндсэрхэг үзэлтэн хэмээн хийрхсэн этгээдүүдийн бодлогогүй алхмын төлөө Өвөрмонгол иргэнээс уучлалт гуйсан нь ч энэ зорилготой нь холбоотой. Том зорилго тавьсан байхад зам зуур тааралдах жижиг “чулуу” бүдрэх шалтгаан болохгүй. Харин хийхээр зорьсон ажлаа хүмүүс муулж, чичиж байсан ч гүйцэлдүүлж, үр дүнг нь үзэхээр улайрдаг нь түүнийг “буруутан” болгодог байж болох юм.

Яагаад болохгүй гэж. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот таван сая жуулчин хүлээж авах нь үлгэр мэт мөрөөдөл байх албагүй. Гагцхүү энэ бүх зорилт, хөтөлбөр, хийх хүсэл эрмэлзэл “хотын иргэн” хэмээх хариуцлагатай нэрээр овоглосон биднээс ихээхэн шалтгаална. Шинэ юм бүхэн сонин байдагчлан шинээр гарсан шийдвэр бүр бүтэхгүй мэт сонсогдож болно. Тийм ч учраас иргэд хотын даргын шийдвэр бүрт хариу урвал үзүүлж, эсэргүүцэж, болж бүтэхгүйг нь урьтал болгон унтууцдаг байж мэднэ. Гэвч Э.Бат-Үүл дарга анх хотын Мээр болсныхоо дараагаас эхлэн “Би Улаанбаатар хотын унаган иргэн. Тийм ч учраас би хотоо дэлхийн томоохон орны нийслэл шиг болгохын төлөө, үр хүүхэд, ач зээ нараа нүүр улайхааргүй нийслэлээрээ бахархдаг болгохын төлөө ажиллана.

Ямар ч байсан хоноцын сэтгэлээр хандахгүй” хэмээн ярьж ирсэн. Түүний туйлын хүсэл энэ гэдэгт итгэхийг хүсэж байна. Гаднын томоохон хотуудаар явах бүртээ “Яаж Улаанбаатар хотоо ийм болгох вэ” хэмээн асууж, судалж байдгийг нь ойр ажилладаг хүмүүс нь ярьдаг юм билээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн нэгэн ярилцлагадаа “Миний хамгийн их эмзэглэдэг зүйл бол хүүхдүүдийн асуулт. “Манай хот хэзээ гоё, цэвэрхэн болох юм бэ” гээд асуухаар амаргүй байдаг. Гэхдээ чадлаараа л үзэж байна. Үнэнийг хэлэхэд сэтгэл ханах зүйл ерөөсөө алга. Болдог бол шидэт саваагаар “Токио шиг гоё хот болог” гээд дохичихмоор л байна. Тийм шидэт саваа байхгүй болохоор үзэж тарж л байна” хэмээн ярьж байсан юм.

Үнэндээ Э.Бат-Үүл даргыг бид зориудаар магтан дуулж, хөөргөдөн дэвэргэх гэж үүнийг бичсэнгүй. Түүний хийсэн ажил, гаргасан шийдвэрүүдийн талаар цухас дурдлаа. Зарим талаар хэтэрхий хатуу гэмээр захиргааны шинжтэй шийдвэрүүд Үүл даргын мутраас гарч буй. Соц үеийн захиргаадалтын арга барилаар ажиллалаа хэмээн дургүйцэх хүн ч нэлээд олшрох шинжтэй. Гэхдээ үүнээс өөрөөр шийдвэрлэх боломжийн хувилбарууд өнөөгийн нөхцөлд, тэр дундаа өнөөдрийн Улаанбаатарт харагдахгүй л байна.
Р.Оюунцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ