Далласын цагдаагийн газрыг агаарт хийсгэх шахав

Америкт дахин нэг халдлага гарч олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Даллас хотын цагдаагийн төв байрны гадаа тэсрэх бөмбөг байрлуулсан тухай мэдээлэл ирж цагдаа нар тухайн орчинд хөл хорьж шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан байна.

Бөмбөг тавьсан этгээд өөрөө цагдаагийн газар луу холбоо барьж заналхийллээ илэрхийлсэн гэнэ. Улмаар цагдаа нар оройн турш тэсрэх бөмбөг байршуулсан этгээдтэй хэлэлцээ хийхээр оролдож мөн бөмбөг салгадаг зориулалтын роботыг авчирч ажиллуулсан байна. Үүний үр дүнд цүнхтэй тэсрэх бодисыг роботын тусламжтайгаар амжилттай аюулгүй болгосон байна. Тэсрэх бодис нэлээн хүчтэй байсан тул хэрвээ гэмт этгээдийн хүссэнээр дэлбэрсэн бол Далласын цагдаагийн газрын байрыг бүхэлд нь агаарт хийсгэх байсан хэмээн хэвлэлүүд мэдээлжээ.

Улмаар Далласын нэгэн гудамжинд рестораны үүдэнд тэсрэх бөмбөг байрлуулсан этгээдийг саатуулж баривчлахыг завдахад эсэргүүцэл үзүүлж харилцан буудалцжээ. Улмаар гэмт этгээд дунд оврын микро автобус авч зугтах гэхэд нь цагдаа нар хөдөлгүүрийг буудаж эвдэлсэн байна.

Гэмт этгээдийг бууж өгөхийг сануулсан боловч цагдаа нарын шаардлагыг хүлээж аваагүй тул хагас цагийн дараа гэхэд мэргэн буудагчид дунд оврын микро автобус дотор салхины шилний ойролцоо байхад нь буудан хороожээ. Энгийн иргэд болон цагдаа нар энэ ажиллагаанд хохирол аваагүй байна.

Гэмт этгээдийн машинаас дахин хоёр нэлээд хүчтэй тэсрэг бөмбөг илрүүлэн аюулгүй болгосон байна.

Далласын цагдаагийн дарга Дэвид Браун албан ёсоор мэдээлэл хийж халдлагыг амжилттай таслан зогсоосон тухай зарлахдаа тухайн халдлага зохион байгуулсан этгээдийн нэрийг Жеймси Булевард хэмээн зарлажээ. Хэргийн газрын мөрдөн шалгах ажиллагааны дараа нарийн мэдээллийг олон нийтэд зарлахаа тэрээр мэдэгджээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ