“Налайх”-т дахин сонгууль болно

Өчигдөр Налайхчууд захирагчаа сонгох сонгуульд оролцлоо. Өглөө 07:00 цагаас эхэлсэн санал хураалт орой 22:00 цагт сонгогчдын 51,8хувь ньсанал өгснөөр өндөрлөсөн тухай бид мэдээлсэн.

Налайх дүүрэгт улсын бүртгэлд бүртгэлтэй 22172 сонгогч байснаас 18 нас хүрсэн сонгуульд оролцох эрхзүйн чадамжтай 20263 сонгогч байгаа юм. Харин тэдний 10 мянга 500 сонгогч саналаа өгчээ.

Ингээд сонгуулийн ирц 50 хувиас дээш гарсан тул сонгуулийн дүнг тоолох ажил эхэлсэн. Гараар тоолсон сонгуулийн дүн дөнгөж сая гарлаа.

Тодруулбал сонгуулийн нэгдсэн дүнгээр нэр дэвшигч Д.Батбаатарт 1744 сонгогч буюу 16.7 хувь нь, Б.Баяндэлгэрт 969 сонгогч буюу 9.32 хувь нь, Г.Болдбаатарт 304 сонгогч буюу 2.92 хувь нь, Д.Ганболдод 458 сонгогч буюу 4.4 хувь нь, Н.Мандуулд 550 сонгогч буюу 5.29 хувь нь, Ц.Минжинхүүд 2121 сонгогч буюу 20.39 хувь нь, Ш.Хаанд 3215 сонгогч буюу 30.91 хувь нь, Д.Цогоод 1039 сонгогч буюу 9.99 хувь нь саналаа өгчээ.

ГэвчХот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар нэр дэвшигч санал өгсөн нийт сонгогчдын 50-иас дээш хувийн саналыг авснаар ялалт байгуулсанд тооцох ёстой юм. Энэхүү болзлыг хангаж санал өгсөн сонгогчдын 50-иас дээш хувийн дэмжлэгийг авсан нэр дэвшигч байхгүй учраас сонгуулийг дахин явуулахаар болжээ.

Ингэхдээ хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийн хооронд дахин сонгууль явагдах юм байна. Өөрөөр хэлбэл сонгогчдын 20.39 хувийн санал авсан Ц.Минжинхүү, 30.91 хувийг авсан Ш.Хаан нарын дунд Налайхын захирагчийн сонгууль явагдана.

Дахин сонгуулийг энэ долоо хоногтоо багтаан явуулна гэдгийг Налайхын Сонгуулийн нэгдсэн хорооны дарга О.Манербек хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ