Хамтран амьдрагчийг нь хөнөөх гээд монгол эмэгтэйг бууджээ

Зүүн Өмнөд Азийн Малайз улсад монгол бүсгүйн амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг олон жилийн өмнө гарч монголчуудыг цочирдуулж байлаа. Тэр цагаас хойш Малайзд монголчууд ялангуяа охид бүсгүйчүүд ямар нэг байдлаар гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болсон тухай мэдээлэл тасрахаа байсан.

Тэгвэл өчигдөр Малайзын цагаар орой 17.45 цагийн алдад 26 настай монгол бүсгүй галт зэвсэгтэй гэмт хэрэгтнүүдийн хохирогч болж эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл цацагдаж эхэллээ.

Гэмт хэргийн хохирогч болж цээжиндээ дөрвөн удаа буудуулсан монгол бүсгүй хэн болох, одоо биеийн байдал нь ямар байгаа талаар монголчууд мэдээлэл муутай байна. Гадаад хэргийн яам ч хэн гэдэг иргэнээ харийн оронд гэмт хэргийн золиос болсон талаар мэдээлэлгүй байгаа бөгөөд "Албан ёсны мэдээллийг авахад цаг хугацаа шаардагдаж байна, тодорхой мэдээлэл ирвэл тухай бүрт нь мэдээлнэ" гэснээс өөр хариугүй байна.

Болсон явдлыг Малайз болон Зүүн Өмнөд Азийн хэвлэлүүдэд бичигдсэнээр та бүхэнд хүргэе.

Малайз улсын Селангор мужийн Петалинг хотын Дамансара дүүрэгт Бандар Ютама хэмээх хороололд Ланд Круизер маркийн жийп замын хажууд зогсож байхад нь мотоцикл унасан хоёр этгээд ойролцоо ирж буу гарган гал нээсэн бөгөөд гэрчүүдийн хэлж байгаагаар энэ үед оройны 17.45 цаг болж байжээ.

Хүмүүсийг сэхээ авахын завдгүй мотоциклтой этгээдүүд зугтаж амжсан бөгөөд цагдаа, түргэн тусламж ирж хэргийн газрыг хамгаалалтад аван машин дотор шархадсан эмэгтэйг эмнэлэг рүү авч явжээ. Эмэгтэй 26 настай монгол хүн бөгөөд зорчигчийн суудал дээр сууж байхдаа гэмт этгээдүүдийн буудсан дөрвөн суманд цээж мөрөндөө оногдон хүндээр шархдаж ихээр цус алдсан байна.

Цагдаагийн зүгээс мэдээлснээс үзвэл гэмт этгээдүүд хагас автомат гар буугаар зэвсэглэсэн байсан бөгөөд одоог хүртэл олдоогүй гэнэ. Хохирогч эмэгтэйн сууж байсан Ланд Круизер маркийн автомашины эзэн нь Сибу хотоос гаралтай бизнесмэн, 35 настай Датук гэгч бөгөөд Малайзын олон нийтийн сүлжээгээр эхнэр нөхөр, хамтран амьдрагч хоёр хэмээн бичиж байгаа гэнэ.

Малайзын Сибу хот гэдэг Хятад гаралтай малай иргэд болон хятадуудын оршин суудаг хот бөгөөд эндхийн хятад мафи нь Малайзын бусад хотуудын гэмт бүлэглэлүүдтэй байнга тэмцэлдэж байдаг гэнэ. Тиймээс малай болон хятад гаралтай малай иргэдийн хооронд гардаг гэмт хэргийн шинжтэй сөргөлдөөнд монгол бүсгүй өртсөн байж магадгүй хэмээн тэндхийн хэвлэлүүд таамаглаж байгаа аж.

Дөрөв буудуулсан монгол бүсгүйн биеийн байдал хүнд байгаа хэмээн хамгийн сүүлийн үеийн мэдээгээр цухас дурдсан бол хэрэг болох газраас холгүй утсаар ярьж байсан хамтран амьдрагч Датук хэмээгч нь ямар ч гэмтэлгүй, цагдаагийн газарт байцаалт өгч байгаа гэнэ. Гэмт этгээдүүд Датукыг хороохоор машин руу халдсан үед хамтран амьдрагч монгол эмэгтэй нь машинд нь сууж таарлаа хэмээн өөр нэг хэвлэлд бичжээ.

Энэ хэргийн талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Н.Батаа “Цахим ертөнцөөр Малайзад Монгол Улсын нэг иргэн буудуулсан мэдээлэл цацагдсан. Энэ хэрэг өчигдөр 17:45 цагт болсон байна. Малайзад манай улсын консул болон дипломат төлөөлөгчийн газар байдаггүй. Тиймээс бид Тайландаас Малайзын Гадаад хэргийн яам болон Интерполын шугамаар хохирогч эмэгтэйн талаар мэдээлэл авахаар тодруулж байна. Хэн гэдэг эмэгтэй, хэдэн настай, сурч байсан юм уу, бизнесийн ажлаар явж байсан уу эсвэл бүр байнга оршин сууж байсан эсэхийг тодруулахаар ажиллаж байна. Албан ёсны мэдээллийг авахад цаг хугацаа шаардагдаж байна. Тодорхой мэдээлэл ирвэл тухай бүрт нь мэдээлнэ” гэсэн байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ