М.Анужин: Эхний 10 хоногт 7кг турсан

Сайн байцгаана уу охид, бүсгүйчүүд ээ? Юуны өмнө өөрийгөө танилцуулъя.

Намайг М.Анужин гэдэг, би 19 настай. Асури повер йог төвд багшилдаг.
Би та бүхэнтэй өөрийнхөө бяцхан түүхийг хуваалцмаар байна.

Би 8 настайгаасаа 13 нас хүртлээ уран нугаралтаар 5 жил хичээллэсэн. Тэр үед 25-35кг жинтэй байлаа. Мөн янз бүрийн бүжгийн сургалтанд их явж, ер нь миний амьдралын хэвшил их идэвхитэй хөдөлгөөн дунд байсан.

16-17 настайдаа аэробек, бүжгийн бие даасан студид багшаар ажиллаж байх үед 50-57кг жинтэй байсан юм. Аажимдаа идэвхитэй хөдөлгөөнт амьдралын хэвшлээ алдаж, маш их иддэг болсон. Шилжилтийн насны зогсоож чадаагүй таргалалт минь надад багагүй бэрхшээл, асуудлыг авчирсан. Хүн ер нь таргалаад ирэхээр өөрийгөө мэдэхээ байчихдаг юм байна лээ. Дээрээс нь овортой харагдаад л эгч нарынхаа хажууд найз шиг нь, бүр заримынх нь хажууд эгч шиг нь харагддаг болсон. Найз нөхөд, гэр бүлийнхэн маань хүртэл таргалсныг минь гайхдаг, зарим нь хатуу үг ч их хэлдэг байв. Иймэрхүү байдалтай жил хагасын хугацааг ардаа өнгөрөөсөн юм.

Нэг л мэдэхэд би 2014 оны долоодугаар сард 89кг болсон байлаа. Арьс минь маш их язарч, сарын тэмдгийн мөчлөг хүртэл алдагдаж, 3-7 сараар ирэхгүй тохиолдлууд гарах болсон тул эмчид үзүүлэхэд турах л шаардлагатай гэдэг байв. Миний насны охидод илүүдэл жин их муу зүйл шүү дээ. Харин одоо надад энэ асуудал огт байхгүй болсон.

Би хоёрдугаар сард Асури повер йог төвд бүртгүүлэн хичээллэж эхлэх үед миний бэлхүүсний тойрог 99см, гарын тойрог 34см, бас биеийн жин 89кг байж билээ. Тэр үед эхний 10 хоногт 7кг турж бэлхүүснээсээ 8см, гарнаас 3см хасч байсан. Бие хөнгөрөөд, арьс толийгоод л өөртөө маш их итгэлтэй болж гадуур алхаж явахыг илүүд үздэг боллоо. Өдөр ирэх тусам миний хувцаснууд томдоод л түүнээс хойш өдөр бүр дасгалаа хиймээр санагдаад л, бараг донтдог юм байна лээ.

Харин одоо бэлхүүсний тойрог 78см, гарын тойрог 27см, биеийн жин 69кг. Зөвхөн йогийн дасгалаараа ингэж турж чадсан бөгөөд дан ганц тураад зогсохгүй миний бие эрүүлжиж байгаад үнэхээр сэтгэл хангалуун байна. Энэ бол дөнгөж эхлэл. Энэ эрчээрээ өөрийнхөө хүссэн бие галбиртай болохын төлөө хичээж явна.

Би өмнө нь бүжиг /фитнесс/ аэробект багшилж байсан туршлагатай учраас Асури повер йог төвийн захирал Ө.Энхболор багш маань өнгөрсөн гуравдугаар сард надад албан ёсоор багшлах санал тавьж,би ч саналыг дуртайяа хүлээж авсан. Надад ийм гоё боломж өгч, намайг өнөөдрийг хүртэл урамшуулж дэмжиж ирсэн Ө.Энхболор багшдаа баярлалаа. Үнэхээр хүндэлмээр үлгэр жишээ эмэгтэй, олон сайхан охид, бүсгүйчүүдэд өөртөө итгэх урам зориг хайрласан чадварлаг багшдаа би хайртай, багшаараа үргэлж бахархдаг.

Мэдээж хэцүү шантрах үеүүд зөндөө байсан ч өөрийнхөө хүсэл мөрөөдөлд аль хэдийнэ хөл тавьсан, би буцах замгүй, зөвхөн өөрийнхөө төлөө өдөр болгоныг шүд зуун хичээж өнөөдрийг хүрсэн. Хичээвэл хэнд ч боломж байгаа, гол нь тууштай байх хэрэгтэй шүү охид, бүсгүйчүүд ээ!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ