Хамтран амьдрагчаа хөнөөсөн хэрэгтэнд 23 жилийн ял оноолоо

Орхон аймагт 2014 оны 9, 12 дугаар саруудад бусдын гарт 2 эмэгтэй тус тус амь насаа алдсан онц хүнд гэмт хэрэг гарч хэвлэл мэдээллийн бүх хэрэгслүүдээр мэдээлэгдэж байсан билээ. Эдгээр хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар аймгийн прокурорын газраас мэдээлж байна.
1. 2014 оны 12 сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-р хороолол 26-р байр 45 тоотод Б.М гэгч эмэгтэй 6 удаа хутгалагдсан байдалтай амь насаа алдсан онц хүнд гэмт хэрэг үйлдэгдэн гарсан.
Энэ хэрэгт түүний хамтран амьдрагч ..... ийг холбогдуулан шалгаж 2015 оны 05 сарын 06-ны өдөр аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар /онц харгис хэрцгий аргаар бусдыг алсан/ яллагдах үндслэлтэй гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сум дундын 14-р шүүхэд шилжүүлсэн.Шүүх хэргийг 2015 оны 06 сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар Б.Э-д 23 жилийн хорих ял онордуулж, үүнээс 3 жилийн ялыг нь гянданд, үлдсэн 20 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
2. 2014 оны 09 сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 46-12 тоотод Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн судлаач ажилтай Б.О нь “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн судалгаа” авахаар очиж олон удаа хутгалуулан амь насаа алдсан онц ноцтой хэрэгт 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн гэмт хэргийг үйлдсэн байж болох Ц.Б гэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хэргийг шалгасан.
Мөрдөн байцаалтаар Шүүх сэтгэц эмгэг судлалын удаа дараагийн дүгнэлтүүд, Сэтгэцийн мэргэжлийн салбар зөвлөлийн 2015 оны 05 сарын 10 өдрийн 387 дугаартай ...Ц.Б нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө сэтгэцийн өвчтэй байсан, өвчний улмаас хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, Ц.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай... гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Ц.Б нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө сэтгэцийн өвчтэй байсан болох нь тогтоогдсон байна.
Аймгийн прокурорын газраас хэргийг 2015 оны 05 сарын 27-ны өдөр Сум дундын 14-р шүүхэд шилжүүлж шүүх 2015 оны 06 сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлд зааснаар Ц.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг нэн даруй авахаар шийдвэрлэсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ