Хүүхэд харах үйлчилгээний хууль маргаан дэгдээв

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг завсарлага авав.
Тус намын бүлэг уг хуулийн төслийг ярилцах шаардлагатай, энэ чигээр нь баталбал Сангийн яамнаас 60 тэрбумыг гаргах шаардлагатай болоод байна гэхчлэн хэлэв. Харин энэ нь УИХ дахь эмэгтэй гишүүдийн дургүйцлийг хүргэлээ. Нийгмийн шаардлага болоод байгаа Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй бол эмэгтэй гишүүд байнгын хороо, чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдлээ.
Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны 247104 хүүхэд байгаагаас 61585 мянган хүүхэд буюу 4 хүүхэд тутмын 1 нь нийслэлд 74900 хүүхэд байгаагаас 21400 мянган хүүхэд буюу 3 хүүхэд тутмын 1 нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, нөөц бололцооноос хамаарч одоогийн мөрдөж буй хуулийн хүрээнд 2-5 насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах боломжгүй байгаа юм. Иймээс хүүхэд харах үйлчилгээ шаардлагатай байгаа учир хуулийн төсөл боловсруулсан болохыг хууль санаачлагчдын зүгээс хэлдэг.
УИХ-ын гишүүдийн зүгээс уг хуулийн төслийг боловсруулахдаа зэрэгцээд Ерөнхийлөгч мөн хуулийн төслийг оруулж ирсэн. Иймд хоёр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцүүлэхээр болсон юм.
Манай улсад гурван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаагийн улмаас гэртээ байна. Зарим нь гэртээ цоожлогдож үлдэснээс болж өөрийгөө гэмтээх, амь насаа алдах явдал гарах боллоо. Иймд уг хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлж, батлан ирэх намраас хэрэгжүүлээд явах ёстой гэж эмэгтэй гишүүд хэлж байна.
С.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ