Сонгуулийн хуулийг өөрчилж чадвал хувьсгал хийсэнтэй дүйнэ

НЭГ: Ардчилсан хувьсгалыг хэн хийсэн бэ ?
Ардчилсан хувьсгалыг хийсэн гээд байгаа хүмүүс хулганы хамарнаас цус гаргалгүйгээр ялалт байгуулж чадсан хэмээн сайрхах дуртай. Харин тэр үед төрийн эрх барьж байсан Жамбын Батмөнх тэргүүтэй МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүд хүүхэд залуусынхаа цусыг урсгах нь бүү хэл өлсгөлөн зарлахад уйлж байсан юм. Тэр хүмүүс энэ үеийн төрийн эрхийг барьж буй хүмүүстэй адил дээд албан тушаалтайгаа зууралдаагүй шинэ үеийхэнд төрийн эрхээ тавьж өгсөн юм. Тэгэхдээ тэр хүмүүс одоогийн төрд гарсан хүмүүстэй адил өөрсдөө хөрөнгөжихийг боддоггүй улс орныхоо хөгжлийн төлөө ажиллаж байсныг түүх хуучрах тусам тодруулсаар байна. Бас тэр хүмүүсийн амьдралын сүүлчийн мөч харамсалтай дууссаар байгаад сэтгэл эмзэглэдэг билээ. Тэд сайн ч , муу ч гэсэн төрийн эрхийг барьж байсан хүндтэй хүмүүсшүү дээ.
ХОЁР: Ардчилсан хувьсгал хэдийд дуусгавар болсон бэ ?
Харин ардчилсан хувьсгал С.Зориг 1998 оны 10 дугаар сарын 2-нд гэртээ хэрцгийгээр алагдсанаар төгсгөл болж, капиталын хуримтлалын төлөө зэрлэг капитализмынхтай адил дайн эхэлж, одоо бид боолын нийгэм рүү шилжиж эхлэлээ. Зэрлэг капитализмын капитал хуримтлал цус урсгаж дээрэм тонуулаар явагдаж байсан бол Монголд хуулиар далайлгасан дээрэмдлэгээр төрийн өмч хувьд шилжиж, далд аргаар ард иргэдийн татварын хөрөнгөөр санхүүжигдэн арвижиж, газрын болон эх орны эрдэс баялгийг гадагш наймаалсанаар тэрбумтанууд төрж, зон олны нулимс, зовлонгоор тохуурагдагсад төрийн эрхийг гартаа авлаа. Өөрөөр хэлбэл түрүүний бөөс толгойд гарчээ. Одоо тэр бөөсийг устгах хэрэгтэй.
Гэхдээ тэр бөөсийг зориг муутай өлсглөнгөөр устгаж чадахгүй боллоо. Яагаад гэвэл төрийн эрх баригчид маань өлсгөлөнг зарлагсагсдад гэнэт хайртай болж албадан эмчлэх нэрийн нэрийн дор хүчээр тарааж чаддаг боллоо. Бидний тэмцэл нэгдэж чадахгүй байна. Бас С.Зориг агсаны адил удирдагч \ лидер\ алга. Манжийн хаан Монголыг эрхшээлдээ барьж байхын тул олон хошуунд хувааж дор бүрийд нь хаад, ноёдтой болгож зэрэг дэв , цалин пүнлүү ялгавартай олгож хооронд нь дайсагнацуулж байсан юм. Бас удирдагчгүй болгож чадсан юм.
ГУРАВ: Бид одоо яах ёстой вэ ?
Тэмцэгчид маань мөнгө харан дуугаа хурааж, сэтгүүлчид хаалтын гэрээгээр амаа үдүүлэх боллоо. Ийм нөхцөлд бид хувьсгал хийж чадах болов уу ?Нэгэнт бид хувьсгал хийж чадахгүйгээс хойш 2000 онд хийгдсэн Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийг хүчингүй болгож Сонгуулийн тухай хуулиа эе эвээ хичээн өөрчилжцгөөе.. Дордуулсан долоон өөрчлөлтийн эхнийхэнд Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно гэсэн бий. Тарах нь бүү хэл албан тушаал, эрх мэдлээсээ татгалзаж чадах хүн эдний дотор нэг ч байхгүй нь өнгөрсөн цаг хугацаа харууллаа.Тэд хагартлаа баяжихыг хүсэж болбол үхэхдээ зувцуулсан өмч хөрөнгөө, гадаадад нээсэн офшор дансныхаа мөнгөө авсандаа хийгээд төгсөхийг эрмэлзэж байгаа. Юу үнэн бэ гэвэл энэ үнэн.Тэгэхлээр УИХ-ыг хэн тарааж чадна, гишүүдийг хэн эргүүлж татаж чадна ард түмэн, сонгогчид чадна.
Бас нэг өөрчлөлт бол Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэсэн бий. Тэгвэл Монгол орон, иргэд бидний хувь заяа 38+1 гишүүд хуралдаанд оролцож тэдний 19+1 гишүүд зөвшөөрч санал өгсөнөөр шийдвэрлэгдэх боллоо.Ээ чааваас даа, ингэвэл бид УИХ-ын сонгуульд саналаа өгөх хэрэг байна уу ?
Бас нэг орсон өөрчлөлт бол Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэснээр УИХ-ын гишүүдийг давхар дээл өмсөх эрхтэй болгосон юм. Тэд давхар дээл өмсөх хичнээн дуртай гээч. Яагаад гэвэл баяжих бололцоо нь улам нэмэгдэх боломжтой болсон юм шиг байгаа юм.Одоогийн УИХ-ын гишүүд ард түмний нэрлэснээр 76 олигархи, луйварчид энэ хуулийг өөрчилж чадахгүй, чадвал заавал нэг цоорхой үүсгэж таараа. Тэдэнд итгэхээр эрхий хуруундаа итгэсэн дээр..
Өөр нэг зүйл бол сонгогчид бид мөн ч олон сонгуулийн хуулиар санал өглөө. Өгөх бүрт бид дээдсийн тоглоомд өртөгдөж бүр сүүлд нь УИХ-ын гишүүдэд бус Улс төрийн намуудад саналаа өгдөг боллоо. Бид нам хэмээх бүлэглэлд санал өгөх шаардлагагүй. Бүлэглэл, тэр доторх жижиг бүлэглэлүүдийн тоглоом болж дууслаа. Иймд энэ холимог хувилбар буюу намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болж хариуцлагаас зугтаадаг тогтолцоог ядаж алга болгоё. Мажоритар хувилбарыг сонгоё. Ингэвэл бид хувьсгал хийснээс ялгалгүй шүү. Бидний дараачийн алхам бол сонгогчдынхоо итгэл даагаагүй гишүүдийг эргүүлж татдаг, ерөнхийлөгчийг огцруулах, УИХ-ыг тараах эрх ард түмний санал асуулгаар шийддэг болох эрэм чухал шийдэл юм. Үүнийг л хуульчилж сонгогч бид эдлэж чадвал хувьсгал хийх гээд байх шаардлагагүй болох билээ. Тунгаагтун, нэгдэгтүн, шийдэгтүн.
Д.Жүгдэрбарам \Зохиолч, сэтгүүлч\
СЭТГЭГДЭЛ БИЧИХ