Америк цэргийн цус азиудын төлөө асгарах ёсгүй гэжээ

Дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар, тэдний бараг тэн хагас нь АНУ бус БНХАУ-ыг супер гүрэн болно гэж үзэж байна.

АНУ-ын “Pew” судалгааны төвийн явуулсан судалгаанд 40 орны 40 мянга орчим иргэн оролцсон тухай болон судалгааны дүн хэрхэн гарсан тухай Нью-Йорк таймс сонин онцолжээ. Судалгаанд оролцогсдын 69 хувь нь АНУ-ын талыг баримталж байгаагаа илэрхийлсэн бол 55 хувь нь БНХАУ гэсэн байр суурьтай байна. Сонирхолтой нь судалгаанд оролцсон БНХАУ-ын иргэдийн 44 хувь нь АНУ хамгийн хүчирхэг гүрний эрх мэдлээ хадгалсаар байна гэж үзсэн бол судалгаанд оролцсон америкчуудын 38 хувь нь БНХАУ хамгийн хүчирхэг гүрэн болж магадгүй гэсэн бодолтой байгаагаа илэрхийлжээ.

Судалгаанд оролцсон нийт иргэдийн 48 хувь нь АНУ бус БНХАУ дэлхийг тэргүүлнэ гэж үзсэн бол тэдний 35 хувь нь үгүй гэж бодож байна. Ази тивд цэргийн нөөц бий болгох АНУ-ын төлөвлөгөөг судалгаанд оролцсон Ази-Номхон далайн бүс нутгийн иргэдийн 51 хувь нь таатай хүлээн авч байгаа бол 34 хувь нь эсэргүүцжээ.

БНХАУ-тай цэргийн мөргөлдөөн үүссэн тохиолдолд, судалгаанд оролцсон Өмнөд Солонгосын иргэдийн 73 хувь, Филиппиний иргэдийн 66 хувь, япончуудын 60 хувь нь АНУ-ын хамгаалалтыг авна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

АНУ-ын Ази дахь холбоотон орнууд болон БНХАУ-ын хооронд цэргийн мөргөлдөөн гарсан тохиолдолд АНУ цэргийн хүчээр холбоотон орнуудаа хамгаалах хэрэгтэй гэж судалгаанд оролцсон америкчуудын 56 хувь нь үзсэн бол 34 хувь нь эсрэг бодолтой байна. Нэг ёсондоо тэдний асуудал бидэнд хамаагүй америк хүний цус филиппин, япон, солонгосын төлөө урсах ёсгүй гэж үзжээ.

Бодит байдал дээр Америк болон Хятад гүрний харилцаа тийм ч таатай бус байгаа бөгөөд Номхон далайд Хятад улсын цэрэг зэвсгийн нөөцөө нэмэгдүүлж буй америкчууд дургүй байгаа юм.

Тухайлбал Өмнөд Хятадын тэнгис дэх нөхөн сэргээлтийн ажил удахгүй дуусна гэж БНХАУ мэдэгдсэн хэдий ч цэргийн зориулалтаар ашиглах талбай байгуулж байна хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан туслах Даниел Рассел өчигдөр БНХАУ-ыг буруушаалаа. Удахгүй БНХАУ-тай хийх яриа хэлцээний үеэр АНУ уг асуудлыг сөхөх төлөвтэй байна.

Спратли арлууд дээрх БНХАУ-ын нөхөн сэргээлтийн ажил удахгүй дуусна гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мягмар гаригт мэдэгдсэнтэй холбогдуулан Даниел Рассел, нөхөн сэргээсэн газар дээр байгууламж барих ажиллагаагаа БНХАУ-ын Засгийн газар үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь хурцадмал байдлыг намжаахад саад болж байна гэж мэдэгдээд, байгууламж барих ажлаа зогсоохыг шаарджээ.

Эртнээс хилийн маргаантай арлуудын нэг байж ирсэн Спратли арлын ойролцоо хятадууд асар их хүч хөрөнгөөр хиймэл газар байгуулж түүн дээрээ томоохон обьектууд барьж эхэлснийг хиймэл дагуулаас авсан зургаар америкчууд дэлхийд цацсан юм.

Энэ явдалтай холбоотойгоор саяхан болж өнгөрсөн “Их-7”-гийн удирдагчид Өмнөд Хятадын тэнгист одоо байгаа байдлыг өөрчлөхийг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Спратли арлуудын орчим хятадууд идэвхтэй ажиллаж буйг зогсоохыг шаардаж байна гэсэн үг.

Харин үүнд нь БНХАУ-ын Гадаад хэргийн яам эрс эсэргүүцлээ илэрхийлээд байгаа. Спратли арлууд болон тэдгээрийг хүрээлэн буй усыг БНХАУ маргаангүй эзэмших бүрэн эрхтэй гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй мэдэгдсэн юм.

"БНХАУ-д бүрэн эрх нь байгаа учир арлуудын зарим хэсэг дээр бүтээн байгуулалтын ажил явуулж болно. Үүнд бусад улс орон хөндлөнгөөс оролцох эрх байхгүй" гэж тэрбээр мэдэгджээ.

Харин АНУ-ын зүгээс Вашингтон хотноо БНХАУ-тай хийх Стратеги, эдийн засгийн яриа хэлцээний үеэр уг асуудлыг авч хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлээд байгаа. Өмнөд Хятадын тэнгист цэргийн мөргөлдөөн гарахаас зайлсхийх тууштай шийдвэр АНУ-д байгааг Цагаан ордноос зарлаад нөхөн сэргээлт нэртэй ажлыг зогсоож, цаашид тус арлууд дээр байгууламж барихгүй байхыг БНХАУ болон бусад талуудаас хүсчээ. Мөн яриа хэлцээ хийх замаар маргааныг зохицуулахыг холбогдох талуудад уриалга гаргаад байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ