Хүүхэд харах үйлчилгээний хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэв. Ардын намын бүлэг уг хуулийн төслөөр завсарлага авсан байсан юм. Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт завсарлага дууссан гэж мэдэгдэж, мөн уг хуулийн төслийг МАН-ынхан дэмжихгүй гээгүй. Харин боловсронгуй болгож, стандартыг нь сайжруулах асуудал байна гэдгийг л ярьсан. Гэтэл МАН-ынхан үүнийг дэмжихгүй байгаа юм шиг мэдээлэл цацаж байна гэв.

Эмэгтэй гишүүдийн зүгээс Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг дэмжих шаардлага байна гэдгийг хэлж байгаа юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хүүхэд харах үйлчилгээг таван хүүхдээр хязгаарлаад байна. 10, 20 хүүхдийг харах шаардлага байгаад байгааг яах юм. Мөн өдөр өнжүүлэх гэдэг асуудал байдаг. Эдгээрийг хэрхэн томъёолоод байна вэ” гэлээ. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “ХАХНХЯ тусгай зөвшөөрлийг олгоод явна. Хүүхдийн хязгаарыг тав бус 15 гэж тогтоож өгсөн байгаа” гэв. Зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураасны дараагаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ