Аттила хааны хилэн хар азарга
Худалдаж аваадхорь гаруйжил, өмсөхөө болиод 15 жил болсон хуучин хөх цув. Оростхямдхан даргар зузаан материалаар үйлдвэрлэсэн, загвар гэвэл бүр ч онцлох юмгүй халхгар хуучин хөх цув. Гэвч түүнийгээ саяхны нэг өдөр алга болсныг нь мэдээд ихэд харамсав. Би ер нь өмсч буй хувцас хунартаа нэг их анхаараад байдаггүй, тэр тусмаа хуучин хувцсаа бол бүр ч тоодоггүй хэнэггүй эрчүүдийннэгэн л дээ. Манай хамт олон бол намайг сайн мэднээ. Гэхдээ лхарамсах сэтгэл төрлөө.
Тэрхуучин хөх цувыгби ачаа бараа зөөхдөө өмсдөг байсан сан. Уг нь хаврын хавсарга, намрын жихүүн өдрүүдэд өмсдөг хавар намрын цув байсан боловч хаврын тэр л өдөр цагаан халаадныминь нэгэн адил ажлын минь хувцас болсон юм. “Монос” эм, гоо сайхны жижиг үйлдвэрээ байгуулаад удаагүй байсан тэр нэг өдөр бидний захиалсан эмийн шил ачсан 3 машин зэрэг ирлээ. Бид цөөхүүлээ, ихэнх нь бүсгүйчүүд, жолооч нар нь яаруулаад байдаг. Эмийн шилийг тавь тавиар нь савласанбор картонон хайрцаг хүнд гэж жигтэйхэн, бүсгүйчүүдэд минь ахдаад байдаг. Ямар ачигч энэ тэр гэж манай үйлдвэрт байсан биш.Яараад л халаадаа шүүрч авснаа болилоо. Эм үйлдвэрлэх, шинжлэхэд өмсдөг цасан цагаан халаад маань шүү дээ. Тас хар болчихно, урагдана, хамгийнгол нь эмийн үйлдвэрийн маань дүрэм журманд тохирохгүй.
Тэгээд л ажилдаа өмсч ирсэн хөх цуваа өмсөөд гарлаа. Ажилчдын маань зарим нь “Захирлаа та хэрэггүй, бид зөөчихнөө “ гэж байсан боловч дотроо дуртай байгааг нь би мэдэрч байлаа.Цөөхөн ажилчид, тэр тусмаа цөөн эрчүүдтэй байсан үе дээ. Хувийн үйлдвэр гэхээр анхандаа хүмүүс айж болгоомжилж ажиллах хүн олдохгүй, үйлдвэрийн маань ажилчдын ихэнх нь тэтгэврийнхэн байсан юм. Тийм болохоор 3 машин хүнд ачаа хараад шантарч зүрхшээж байсан ажилчид маань хөх цуваа өмсөөд гарч ирсэн намайг хараад урам орсон доо.”Юу байдаг юм, дор нь зөөчихье” гэхэд минь “Тэгцгээе” гээд л дуу шуутай хөдөлцгөөсөн сөн.
Тэгэхэд л миний муу хөх цув Чапаевын хар нөмрөгтэй адил ид шидтэй юм шиг санагдсан. Тэр алдартай жанжныгморио унаад хар нөмрөгөө туг адил намируулаад сэлмээ өргөөд давхихадцэргүүд нь түүнийг дагаад мөндөр шиг шаагисан сумны өөдөөсаймшиггүйгээр давшдаг байсныг хүүхэд байхдаа “Чапаев” киноноос бидний үеийнхэн олонтоо үзсэн дээ.
Түүнээс хойш ачаа бараа ирэх болгонд л би тэр өдрийн ажилчдынхаа баяртай царайг санаадхуучин хөх цуваа урамтай нь аргагүй өмсөөд албатай юм шиг лгардаг болсон байж билээ. Бас нөгөө талаас нь бодоход байнга оюуны хөдөлмөр эрхэлдэг бидэнд биеийн хөдөлмөр гэдэг бас ч ач тустай гимнастик, биеийн тамирын дасгал, нэг үгээр хэлэхэд эм л гэсэн үг дээ.
Тэгээд одоогоос15-16 жилийн тэртээ би Монос эмийн үйлдвэрийн захирлын ажлаа сургуулиа онцлох дипломтой төгссөн Балжинням гэдэг шижигнэсэн залууд хүлээлгэж өгөхдөө тэр хөх цувныхаа учир начрыг ярьж тайлбарлаж түүнийгээ захиад орхиж билээ. Хэдийгээр тэр цув маань дараа дараачийн захирлуудын дунд алга болсон ч гэлээ аливаа хүнд ажил болоход захирлууд мааньхамт олноо манлайлаад, уриалаад гардаг тэр уламжлал тасраагүйг санангуут би хөх цувныхаа хойноос харамсахаа больж тайвширсан даа.
Ямар ч хүн захирч тушаахад тийм ч дуртай биш байдаг. Хүүхдүүдэд ч гэсэн орой үдэш унтахын нь өмнө “Алив шүдээ угаа!” гэхэд ихэнх нь дурамжхан босдог, олонхи нь ямар нэг шалтгаан тоочиж дургүйцдэг. Харин “За бүгдээрээ шүдээ угаая” гээд босоход олонх нь дагаад л дуртайяа босдог. Томчууд ч хүүхдүүдээс нэг их ялгаагүй дээ.
Тиймээ,дарга хүн бол “Үүнийг хий” гэдэг бол манлайлагч хүн бол “Үүнийг хийцгээе” гэдэг гээд л манлайллын тухай номуудад олон удаа дурдсан байдаг. Миний алга болсон хуучин хөх цув бол тэр гайхалтай сургаалийннэг бяцхан жишээ юм даа.
Тэр хуучин хөх цув бол миний хамт олны хувьдЧапаевын хар нөмрөг, Дандар баатрын алаг морь байсан юм. Халх голын дайны үед Дандар баатар алаг морио унаад сэлмээ эргүүлж, уухай хашгираад дайрахад цэргүүд нь, тэр атугай дарийн утаа үнэрлэж үзээгүй, дайны аюулаас айсан шинэхэн цэргүүд нь хүртэл зориг орж араас нь давхидаг байсан тухай ахмад дайчид ярьдаг байсан сан.
Тиймээ, манлайлал гэдэг бол өөрийн биеэр үлгэр жишээ үзүүлэхийг л хэлдэг. Дарга нь ажлаасаа хоцордог, амласнаа биелүүлдэггүй, идэвхгүй сул дорой байх юм бол хамт олон нь тийм л байх болно. Дарга гэдэг бол байгууллагын жишиг, өөрөөр хэлбэл стандарт гэж хэлж болно. Дарга бол чиглүүлэгч, байгууллагын уур амьсгалыг тодорхойлогч.Хамт олон санаатай санамсаргүй даргаа дуурайхыг хичээдэг. Дарга дайчин шургуу, шинийг санаачилдаг, бусдыг сонсдог, хүндэлдэг, өндөр мэдлэгтэй, хэрэглэгчээ дээдэлдэг бол хамт олон бас л тийм байх болно. Үгүйдээ л дарга тийм байхыг хамт олноосоо шаардах эрхтэй байна. Өөртөө өндөр шаардлага тавьсан хүн бусдад өндөр шаардлага тавьж чадна.
Үргэлжлүүлээд бүр цааш нь бодвол миний хуучин хөх цув бол наддаа л гэхэдАттила хааны хилэн хар азарга байсан юм даа. Аттила хаан хилэн хар азаргаа унаад тулалдаан бүрт их цэргийнхээ магнайд туг сүлд нь болж ордог байжээ. Тэр бол Хүннүчүүдийн удирдагч, хаан.Тийм учраас зайлшгүйтийм л байх ёстой гэж үздэг байсныг бодож үзэхэд илүүдэхгүй байх. Аттила хаана ч байсан, хаа нэгтээ амарч байсан ч түүний оролцоо бусдад байнга мэдрэгддэг байжээ. Хүннүчүүд Аттила хаанаа хилэн хар азаргаа унаад манлайд нь давхихад түүний араас гал ус руу ороход бэлэн байсан , энэ нь түүний дайчдыг зоригжуулан, тэдний ялалтад асар ихээр нөлөөлдөг байсан тухайсудар номуудад олонтоо бичигдсэн байдаг. Хилэн хар азаргаа унаад тэнгэрийн илдээ сугалаад их цэргийнхээ магнайд тулалдаан ордог байсан нь түүнийг Хүннүчүүдийн удирдагч болгон ялгаруулж, түүнийг дагаж хүндэтгэж хэлсэн болгоныг нь биелүүлж байх ухамсрыг ард олонд нь суулгаж өгдөг байж дээ.
Удирдагч хүнд хийх олон ажил бий. Тэр бүгдээ орхиод өдөр тутмын аар саархан ажил хийхэд ч ажиллагсдынхаа өмнө хойно сүүтэгнээд байх тийм ч сайн зүйл биш. Харин байгууллага, хамт олныхоо өмнө хүнд сорилт бэрхшээл тулгарахад байгууллагын удирдагч гарч ирээд хамт олондоо түүнийг давахад туслах, манлайлах, арга замыг зааж өгөх нь жинхэнэ манлайллын олон чухал асуудлын нэг нь, магадгүй хамгийн чухал нь байх даа.
Академич Лувсангийн Хүрэлбаатар
“Амжилтын 25 жор” номоос. 2015 он
СЭТГЭГДЭЛ БИЧИХ