Ж.Батзандан гишүүний ахалсан хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлэгт шилжлээ

УИХ-ын үдээс хойшхи чуулган Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухайболон бусад холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Батзандан гишүүдэд танилцуулсан юм.

Энэхүү хуулийн төслөөр хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг гэрээний болон гэрээний бус үүргийн гүйцэтгэлийг хангах эх сурвалж болгон барьцаалах, уг барьцааны эрхийг бүртгэх, барьцааны шаардлагыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах юм байна.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны нэгдсэн бүртгэл байхгүйгээс нэг барьцаа хөрөнгийг хэд хэдэн зээлийн барьцаанд зэрэг тавьж, зээлдүүлэгчийн эрх ашиг зөрчигдөх тохиолдлууд нэлээд гарч байгааг уг хуулийн төслөөр мөншийдэж байгаа аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавих гишүүд байсангүй. Тиймээсбайнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ