“Охиноо шөнө дунд аваачиж өгсөндөө харамсдаг”
Дөрвөн настай охин төрсөн эцэг, хойд ээжийнхээ гарт амь насаа алдсан байж болзошгүй гэх хэрэг өнгөрсөн хоёрдугаар сард гарч, олон ч хүний сэтгэлийг өвтгөж, нулимсыг унагасан. Энэ хэргийн буруутныг тогтоох шүүх хурал энэ сарын 17-нд Цагдан хорих 461 дүгээр ангид болж хэргийг ахин мөрдөн байцаах шийдвэрийг шүүхээс гаргасан.
Шүүх хурлын үеэр шүүгчдэгч Т.Цогт, Г.Маралмаа нар нэгнийгээ охины үхэлд буруутган, нэгнийхээ эсрэг мэдүүлэг өгч байсан бол талийгаачийн төрсөн ээж хохирлын 4.6 сая төгрөг нэхэж байна гэхээс өөр илүү зүйл хэлэхгүй байсан юм. Ээдрээт энэхүү хэргийн талаар талийгаач охины төрсөн ээж Б.Өнөржаргалтай ярилцлаа.
Б.Өнөржаргалын хүсэлтээр царайг нь нууцалсан болно.
Т.Цогтыг надтай суухаасаас өмнө нь гэр бүлтэй, охинтой байсан гэдгийг мэдээгүй
-Т.Цогттой анх хэрхэн танилцсан талаар ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо.
-Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангид суралцаж байхдаа сургалтын төлбөрөө олохоор илүү цагаар ажилладаг байсан. Тэр баарыг ажиллуулдаг эгчийн дүү нь Т.Цогт байсан. Ажил дээр өдөр болгон ирдэг болохоор уулзсаар биедээ сэтгэлтэй болж нэг их удахгүй гэр бүл болохоор шийдэж хамтран амьдарч эхэлсэн. Гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй ч гэсэн Т.Цогтын аав бэр гуйж албан ёсоор намайг авч явсан. Тэгээд охин минь 2011 оны гуравдугаар сард мэндэлсэн. Тухайн үед жаахан охин байсан болохоор Т.Цогтод өөрөөсөө ч илүү итгэдэг байлаа, тэр байтугай гэр бүлтэй байсныг нь ч мэдэлгүй итгээд явж байсан шүү дээ.
-Өмнө нь гэрлэж байсан гэж үү. Хүүхэдтэй байсан уу?
-Гэр бүлтэй, том болсон охинтой гэдгийг нь бүүр сүүлд л мэдсэн. Талийгаач охины минь эгч буюу Т.Цогтын өмнөх эхнэрийн охин нь одоо хоёр юм уу гуравдугаар ангийн охин гэсэн. Би ер уулзаж, ярьж байгаагүй.
-Т.Цогтоос ямар шалтгаанаар салсан бэ?
-Г.Маралмаа тэр хоёрын харилцаа гүнзгийрсэн үед буюу өнгөрсөн 2014 оны зургаадугаар сард салсан. Гэхдээ Т.Цогт Г.Маралмаагаас өмнө охиныгоо жаахан байхад цөөнгүй хүүхнүүдтэй нэр холбогдож байсан. Тухайн үед би тэр хүүхнүүдтэй уулзаж гэр бүлтэй хүн гэдгийг нь хэлж, адилхан эмэгтэй хүн шүү дээ гэж учирлан Т.Цогтоос холдохыг гуйдаг байлаа. Тэгтэл Нахалам гэж утсан дээрээ нэрийг нь хадгалсан ажлын газрын гэх хүнтэй өглөө, өдөр, оройгүй ярьдаг болсон. Гэртээ ч заримдаа хонохгүй, үүрээр орж ирдэг болсон. Нэг өдөр машинаараа ус авахаар гарахад машины суудал дээр хэрэглэсэн бэлгэвч, эмэгтэй хүний цаг байсан. Учрыг Т.Цогтоос асуутал “Би тэр хүүхэнтэй амьдарна. Та хоёроос илүү тэр хүүхэн надад хэрэгтэй байна” гэсэн. Г.Маралмаа тэр хоёрын харилцаа гүнзгийрч салахаас өөр сонголт надад үлдээгүй юм.
Амийг амиар сольж үрээ алдсан эхийн зовлонг мэдрүүлэхийг хүссэн
-Г.Маралмааг өмнө нь таньдаг байсан уу?
-Үгүй. Сүүлд сонсохнээ Г.Маралмаа манай сургуулийн манай дээд ангийг төгссөн гэсэн.
-Уулзаж байсан уу?
-Нэг удаа уулзсан. Г.Маралмаа “Охин чинь бид хоёртой сайн байгаа. Би огт зодож цохихгүй. Би тийм хүн биш. Хэрэв зодож загнах бол би юу гэж хүний хүүхдийг авах билээ” гэж байсан. Г.Маралмааг охин хүүхэдтэй гэдгийг нь мэдээгүй. Тиймээс эмэгтэй хүүхдийн арчилгаа, охиныхоо дуртай хоол гээд бүгдийг нь зааж өгсөн.
-Г.Маралмаа “Б.Өнөржаргал хүүхдээ авахгүй гэсэн” гэж мэдүүлэг өгч байсан.
-Би тэгж хэзээ ч хэлээгүй. Шүүх хурал дээр өөрийгөө өмгөөлөх нэг оролдлого нь байсан болов уу.
-Жирэмсэн гэдгийг нь хэзээ мэдсэн бэ?
-Анхны шүүх хурал болох өдөр Г.Маралмааг том гэдэстэй шүүх хурлын танхимд ороод ирэхэд нь үнэхээр шоконд орсон. Шүүх хурлаас гарч ирэхдээ би “Амийг амиар. Би тэр хүүхдийг нь алаад ижилхэн зовлонг нь амсуулья” гэж бодогдсон. Тайвшраад бодох нь ээ хэвлийд нь байгаа тэр хүүхэд ямар ч буруугүйг ойлгосон.
-Шүүх хурлын үеэр Г.Маралмаа хэдэнтээ ухаан алдаж, бие нь муудсан. Гэтэл Т.Цогт харах ч үгүй байсан нь олон хүнийг гайхашруулсан. Та Г.Маралмаагийн бие муудахад юу гэж бодсон бэ?
-Дахиад хэлье. Хэвлийд нь байгаа хүүхдэд ямар ч буруу байхгүй шүү дээ. Хүүхдийг нь тээж байгаа эмэгтэй үнэн ч бай худал ч бай ухаан алдаж унаад байхад Т.Цогт харах ч үгүй тоосон ч шинжгүй байхад нь ямар хатуу сэтгэлтэй хүн бэ гэж бодогдож суусан. Гэхдээ Г.Маралмаа жүжиглээд байгаа юм шиг санагдсан.

Охин бид хоёрын гарын хээ. Хүүхдийн баярын өдөр аавынхаа ажил дээр/ШШҮХ/ очоод ээжтэйгээ хамт гарын хээгээ өгч, охин минь их баярласан
Гэрчүүд намайг архичин, янхан гэж мэдүүлсэн
-Таныг олон хоногоор гэртээ ирдэггүй алга болдог, архи согтууруулах ундаа хэрэглэдэг, шоу цэнгээнд дуртай нэгэн гэж гэрчүүд мэдүүлэг өгсөн байсан. Мөн талийгаач охиныг айлуудад ээлжилж аваачиж өгчихөөд гадуур сэлгүүцдэг ч гэж зарим гэрчүүд ярьсан. Үнэхээр охиноо хаяад шоудаад, архидаад ор сураггүй алга болчирдог байсан юм уу?
-Т.Цогтын эгч болоод хадмууд мэдүүлэгтээ намайг архи уудаг тэр ч байтуйгай янхан гэж мэдүүлсэн байсан. Би хавтаст хэрэг уншиж байхдаа энэ тухай олж мэдээд үнэхээр гомдоод уйлсан. Тэгээд өмгөөлөгчдөө энэ тухай хэлж ямар учраас намайг ингэж гүтгэж, худал мэдүүлэг өгсөн болохыг асуусан. Өмгөөлөгч харин “Хүн тэгээд өөрийнхөө хүний талд л ордог шүү дээ” гэсэн. Үнэндээ хадмууд маань надад тэгж хандах учиргүй гэж бодож байна. Би тэдний бэр болж очоод удаагүй байхад Т.Цогтын аав нь тал цус харвасан. Гурван охин нь тоохгүй, ирэхгүй байхад Т.Цогтын аавыг удаан хугацаанд асарсан. Т.Цогтын аав “Үхэхдээ бага бэрээрээ хөлөө хучуулна” гэдэг байсныг хадмууд бүгд мэднэ. Хамгийн хачирхалтай нь би хэрэв биеэ үнэлдэг, архи дарс уугаад зугаацаад явах мөнгө төгрөгтэй нэгэн байсан бол өдийд ингэж түрээсийн хашаа дамжиж амьдарна гэж үү. Буруу замаар буюу биеэ үнэлж мөнгө олдог эмэгтэйчүүдийн жагсаалт, бүртгэл цагдаагийн байгууллагад байдаг гэсэн. Тэрнээс ч харж болно шүү дээ. Би архи дарс хэрэглэж, охиноо айлуудаар өгчихөөд зугаацаж явсан өдөр байхгүй. Ямар ачаа бараа авч яваа хүн биш. Төрүүлсэн хүүхдээ айлуудаар өгчихөөд архи дарс ууж, биеэ үнэлээд явна гэж ямар ч хүний ой тоонд ч буухгүй байх.
-Охиныг зоддог дарамтад байлгадаг байсан гэдгийг мэддэг байсан уу. Өмнө нь танд тэр тухай хэлж байсан болов уу?
-Охиноо нэг удаа усанд оруулж байсан чинь нуруу нь хөхөрчихсөн байсан. Тэгээд Т.Цогт руу яриад асуутал “Охин ээжийгээ санаж байна гэж гүйж байгаад шатнаас уначихсан. Эмчид үзүүлээд зургийг нь авахуулсан. Зүгээр гэсэн” гэж хэлсэн.
-Тухайн үед охиныг чинь зодсон юм биш биздээ гэж бодогдоогүй юу?
-Хайрлаж дурлан, хамт амьдарч байсан ханьдаа, охиныхоо төрсөн эцэгт нь итгэж байсан юм л даа. Би Т.Цогтод итгэсэн. Гэхдээ харахад аймшигтай хөхөрсөн, зодуулсан нь мэдэгдэхээр эсвэл охин минь хэлсэн бол би охиноо өгөхгүй байсан.
-Г.Маралмаад эргэлзээгүй гэж үү?
-Г.Маралмаатай нэг удаа уулзсан гэж дээр хэлсэн дээ. Тэгэхэд Г.Маралмаа “Бүх зүйл сайхан байгаа. Санаа зоволтгүй. Бид гурав дажгүй” гэсэн юм.
Намайг дарамталж байгаад охиноо шөнийн 01.00 цагт авсан нь шалтгаантай байсан юм билээ
-Охиныг өнгөрөхөөс хэдхэн хоногийн өмнө та охиноо Г.Маралмаа, Т.Цогт нарт шөнө дунд буюу 01.00 цагт аваачиж өгсөн гэсэн. Яагаад шөнө дөлөөр аваачиж өгөх болсон юм бэ?
-Өнгөрсөн хоёрдугаар сарын 11-ны өдөр байсан юм. Талийгаач ээжийн минь ганц эгч нь цагаан сар болох гээд банш чимхээд өгөхийг хүссэн. Би охиноо аваад, гурван найз бүсгүйгээ дагуулаад орой болтол банш чимхэж өгсөн. Тэр хооронд Т.Цогт утасдаад охиныг яаралтай хүргэж өгөхийг шаардаж элдвээр доромжилж байсан юм. Тэгээд яахын аргагүй байдалд орж охиноо 01:00 цаг өнгөрч байхад аавд нь аваачиж өгсөн.
-Ямар шалтгаанаар шөнө дунд нялх хүүхдийг авчирч өгөхийг шаардаж байгааг нь та асуусан уу?
-Би асуусан. Бид гуравт хийх ажил байна л гээд байсан. Харин дараа нь хавтаст хэргийг уншиж байхдаа шөнө дунд охиноо нэхсээр байгаад надаас авсан шалтгааныг нь олж мэдсэн. Т.Цогтын мэдүүлгээс уншихад “Тэр өдөр Г.Маралмаагийн өвөө/сахиус/ нь буугаад охиноо өнөөдөр, яаралтай өөрсдөө авцгаа тэгэхгүй бол төрсөн ээж Б.Өнөржаргалын хормойн бузар шингэнэ гэсэн. Тэгээд л охиноо нэхсээр байгаад авсан” гэж мэдүүлсэн байсан.
-Охиноо өгөхөд унтаж байсан уу?
-Тийм унтаж байсан. Одоо бодох нээ охиныг минь унтуулах гээд хувцас хунарыг нь тайлаад оронд оруулах гэтэл ээжтэйгээ хамт байснаа өөр газар сэрснээс болж ээжийгээ нэхээд уйлсан байх. Тэгээд л тэрнээс үүдээд цохиж зодсон байх гэж одоо боддог. Тэр өдөр Т.Цогт намайг яаж дарамталж байсан ч шөнө дөлөөр охиноо аваачиж өгөхгүй байх минь яав даа гэж бодогддог. Харамсдаг. Харамсаад ч нэмэр алга даа.
-Шүүх хурлын үеэр Т.Цогт “Г.Маралмаа ээжийнх нь хормойн бузар шингэсэн” гээд бөөгийн зан үйл хийж, охиныг бүдүүн мод/бөөгийн эд хэрэглэл/-оор ороолгодог байсан” гэж ярьж байсан.
-Намайг яагаад архичин, шоучин, биеэ үнэлэгч, бузартсан гээд байгааг мэдэхгүй юм. Төрсөн эхийн бузар үрд наалдана гэж байх уу. Ингэж бөө нарын нэр хүндэд халдаж болохгүй. Шүүх хурал дээр баримт гээд харуулж байсан охиныг минь зоддог байсан гэх гинж төмөртэй бүдүүн мод буюу бөөгийн эд хэрэглэлийг хараад би цочирдсон.
-Анх эмнэлэг дээр охиноо харахад яг ямар байсан бэ?
-Тэр үед эхлээд нүүрнийх нь шарх сорвийг харсан. Зөвхөн нүүрэн хэсгийн нь харахад л элэг эмтэрмээр байсан. Тэгээд эмнэлэг дээр охиноо сахиж байхад Т.Цогтын хөрш гэх бүсгүй өөрөө ирж надтай уулзаад, миний охиныг хэрхэн дарамт, зодуурт байсныг ярьсан. Мөн энэ тоглоомыг надад өгсөн.

“Талийгаач маань тэднийд орохдоо зөвхөн энэ тоглоомоор тоглодог. Тэгсэн нэг өдөр хоёр нүдийг нь авчихаар нь асуусан чинь “Г.Маралмаа аниа ингээд хоёр нүдгүй болчихвол намайг зодож чадахгүй болох байх даа” гэж хариулсан гэж хөрш бүсгүй нь надад хэлсэн. Охиноос минь надад одоо ганцхан энэ тоглоом л үлдсэн.
-Шүүх хурал дээр энэ тоглоомын тухай багагүй яригдаж байсан?
-Миний охины хамгийн хайртай тоглоом ингээд хоёр нүдгүй болчихсон байгаа биз/уйлав/. Хөрш бүсгүй хэлэхдээ “Талийгаач маань тэднийд орохдоо зөвхөн энэ тоглоомоор тоглодог. Тэгсэн нэг өдөр хоёр нүдийг нь авчихаар нь асуусан чинь “Г.Маралмаа аниа ингээд хоёр нүдгүй болчихвол намайг зодож чадахгүй болох байх даа” гэж хариулсан. Мөн охины маань толгойг хүчээр барьж байгаад спиртний агууламжтай пудр шингээгч нүдрүү цацаж байхад нь хөрш эмэгтэй нь орсон гэсэн. Гэтэл Г.Маралмаа “Эх шигээ зэвүүн санаатай хүүхэд. Миний гоо сайхны бүтээгдэхүүнээр тоглосон юм. Хохь гэж байсан” гэсэн. Т.Цогт, Г.Маралмаа нарын амьдарч байсан нийтийн байрныхан хүүхэд уйлаад эхлэхээр “Нөгөө хоёр хүүхдээ яргалж байна” гэцгээдэг байсан гэсэн.
Хөрш бүсгүйнх нь хэлснээр “Орхидос” кино бол Т.Цогт, Г.Маралмаа хоёрын дэргэд дэргэд юу ч биш шүү гэж байхыг сонсоход, төсөөлөхөд үнэхээр хэцүү байсан даа.
“Орхидос” кино бол юу ч биш гэж хөршүүд нь халаглаж байсан
-Т.Цогт охиноо зоддог байсан. Хүнд бэртчихээд байхад нь хүртэл зодсон гэсэн. Үхэлд нөлөөлсөн байж магад гэж өмгөөлөгчдийн зүгээс үзэж байгаа юм билээ?
-Хөршийн хэлснээр “Нэг өдөр Т.Цогт, Г.Маралмаа хоёр хэрэлдэж, зодолдоод Г.Маралмаа хувцасаа аваад явчихсан. Гэтэл Т.Цогт уураа охиндоо гаргаж “чамаас болж бид хоёр саллаа” гээд үзүүртээ том төмөртэй офицер тэлээгээр ороолгож байсан” гэсэн. Энэ тухай мэдүүлэг өгч хавтаст хэрэгт хавсаргасан байгаа.
-Тэгж зодуулж байхдаа охин “Ааваа намайг уучлаарай. Миний буруу” гээд уйлахгүй тэсч байсан гэж Т.Цогт шүүх хурлын үеэр хэлж байсан.
-/уйлав/.
-Охиныг эмнэлэгт ухаангүй байхад, мөн ажил явдал дээр нь Т.Цогт, Г.Маралмаа, хадмууд тань нэг ч удаа ирээгүй гэсэн. Үнэн үү?
-Үнэн. Охин ухаан алдаж эмнэлэг хүргэгдэхийн өмнөх өдөр таталт өгч, ГССҮТ-д хүргэгдэхэд эмч оиныг хэвтүүлэн эмчүүл гэсэн юм билээ. Гэтэл Т.Цогт “үхсэн ч гомдолгүй” гэж бичиг хийгээд охиныг гэр рүү нь Г.Маралмаатай явуулж өөрөө ажил руугаа явсан гэсэн. Г.Маралмаа муухай эмнэлэгт хэвтэхгүй гэснээс болоод охиныг шууд аваад явсан хэрэг. Тэр өдөр над руу утасдаад хэлсэн бол, би охиноо эмнэлэгт аваад хэвтсэн бол охин минь өнөөдөр амьд байх боломжтой байсан гэдгийг эмч нар хэлж байсан.
Тэр өдөр Т.Цогт тархины зургийг нь авахуулчихаад хариуг нь ч авалгүй яваад өгсөн байсан. Дараа нь ГССҮТ-ийн эмч нар нэг өдрийн зөрүүтэй хоёр зургийг хараад “Охинд амьдрах боломж байсан. Нэг өдрийн дотор тархины цус харвалт нь маш их хүндэрсэн, цаг алдсан байна” гэж хэлсэн.

Хоёрдугаар сарын 16-нд авахуулсан тархины зураг

Хоёрдугаар сарын 17-нд авахуулсан тархины зураг
-Шүүх бүрэлдэхүүн таниас хэлэх үг байна уу гэхэд та “4.6 сая төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэснээс өөр зүйл хэлээгүй. Яагаад өөр зүйл хэлээгүй юм бэ?
-Хэргээс өөр зүйл ярьж болохгүй гээд хажуу талаас өмгөөлөгч хэлээд байсан. Тэгээд цаасан дээр мөнгөн дүн бичиж өгөөд “энийг хэл” гэсэн. Би ч өмгөөлөгчийнхөө үгэнд ороод тэрийг нь л хэлсэн. Үнэхээр шоконд орсон байсан л даа. Хуулийн дагуу оршуулгын мөнгийг буруутай талаас нэхэмжилнэ гэж өмгөөлөгч хэлсэн. Тэрнээс биш охиныхоо оронд би тэр хүнээс дөрвөн сая төгрөг нэхээд яаах билээ. Би тэр мөнгийг авлаа гээд миний охин босоод ирэх үү. Сэтгэл санааны хохирол хэдэн зуун сая, хэдэн зуун тэрбум төгрөг нэхсэн ч багадна. “Би тэр хүмүүсээс мөнгө авахгүй. Гагцхүү буруутанг тогтоож, зохих шийтгэлийг нь өгөхийг хүсч байна” гэж өмгөөлөгчдөө хэд хэдэн удаа хэлж байсан.
-Шүүх хурал дээр Г.Маралмаа, Т.Цогт хоёрт тэгж хэлэх байсан юм гэж дараа нь бодогдсон уу?
-Ямар ч буруугүй нялх балчир охиныг яах гэж яргалав даа, ядахнаа гэмтэнгүүт нь надад хэлчихгүй яав даа. Ямар шалтгаанаар олон хоног гэртээ зодоод байлгаад байсан юм. Охиныг минь харахад зэвүү хүрч, хамт амьдрахад хэцүү бэрхшээлтэй хоорондоо таардаггүй байсан юм бол надад яагаад хэлээгүй юм. Охиныг минь өгөөдөх гэж хэлмээр байсан.
-Шүүх хуралд суусан ихэнх хүмүүс охины талаар ярихад нулимс унагаж байсан. Та яагаад огтхон ч уйлахгүй, юу бодож санаж байгаагаа илэрхийлээгүй юм бэ?
-Охиныгоо байхгүй болчихсон гэдэгт одоо болтол итгээгүй байгаа. Өглөө сэрэх болгонд охин минь байгаа юм шиг санагдаад л. Ээж ээ, гээд гүйгээд л ороод ирэх юм шиг санагддаг. Анх эмнэлэгт байхад нь “Хүүхэд эхээ дагадаг юм. Битгий уйлж унж. Охиноо бодоод залбираад тэвч, сайн сайхан зүйл бод” гэсэн. Би тэвсчсэн. Талийгаач болсных нь дараа алтан хайрцгийг нь нээлгэхэд “Бяцхан охины араас уйлж гашуудаж болохгүй. Нялх хүүхэд өөд болохоор араас нь уйлахаар тэр их нулимсан дундаас гарч чадахгүй, төрлөө олж чаддагүй юм гэсэн” Би охиноо бодоод бас л тэссэн тэвчсээр байна.
Алтанхайрцгийг нээлгэхэд “Бөөгийн идээ ундаанаас гайтсан” гэсэн
-Алтан хайрцагийг нээсэн лам өөр юу гэж хэлсэн бэ?
-“16 юм уу 17 насанд маш том юу дуулгах хүүхэд байж. Маш их авъяастай хүүхэд байсан гэсэн. Охиноо юунаас болж амиа алдсан бэ гэдгийг асуусан. Хариуд нь бөөгийн идээ ундаанаас болж гайтсан байна” гэсэн.
-Улсын яллагч Г.Маралмаад 23 жилийн хорих ял, Т.Цогтод таван жилийн ял төлөвлөсөн гэсэн. Үүнийг сонсоод л Г.Маралмаа ухаан алдаж унасан. Төлөвлөсөн ялтай та бүхэн санал нийлж байгаа юу?
-Миний амин эрдэнэ, нялх үрийг минь харгис хэрцгийгээр зодож алчихаад 23-хан, тавхан жилийн ял аваад өнгөрнө гэдгийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ