Цэрэнтогтох хүүгээ монголчууд алдмааргүй байна

Дүүдээ амьдрал бэлэглээд өөрөө үхлийн ирмэгт байгаа хүүгийн тухай хэвлэлүүд бичиж сайн санаат хүмүүс ч тусламжийн гараа сунгасаар байна. Гэсэн хэдий ч хүү арай л аймшигтэй түлэгджээ. Хуушуур хайрч байгаа хүн хурууныхаа үзүүрийг тосонд түлчихээд яаж өвдөлт мэдэрдэг билээ дээ. Тэгэхэд дүрэлзэн асч буй галаас дүүгээ аварсан А.Цэрэнтогтох хүүгийн биеийн 80 гаруй хувь түлэгджээ.
ГССҮТ-ийн эмч нар “Биеийнх нь 80 гаруй хувь нь түлэгдсэн хүний амь насыг аварна гэдэг хэцүү. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүх эмчилгээг хийж байна. Одоо А.Цэрэнтогтохын биеийн байдлаас бүх зүйл хамаарна” гэж ар гэрийнхэнд нь хэлсэн. Мөн хүүгийн амийг аврая гэвэл гадаад улсыг зорьж эмчлүүлэх хэрэгтэйг ч зөвлөсөн байна. Харамсалтай нь 80 хувийн түлэгдэлтийг гадаадад эмчлүүлэхэд асар их мөнгө хэрэгтэй тул хүүгийн ээж аргаа бараад Эрүүл мэндийн сайдад захидал илгээжээ.
Ээжийн захидалд "...одоогоор их хямралын үеэр сайхан сэтгэлээр хүүд минь туслаж хандив өгч байгаа хувь хүн, аж ахуйн нэгж, жиргээчид, ах дүүс, найз нөхдийн ачаар эмчилгээ тасралтгүй явагдаж байгаа ч хүүгийн минь амь үхэл амьдралын зааг дээр байна. Иймд эмч нар хүүг минь цаг алдалгүй гадаадад авч явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн боловч бидэнд эмчилгээний зардал болох 350 сая төгрөг хүрэлцэхгүйн улмаас хоног алдаад байна. Дүүдээ амьдрал бэлэглэсэн хүүгийн минь амь насыг аврахад тусална уу" гэжээ.
Хүүгийн биеийг битүү марлаар ороосон. Түлэгдсэн шархнаасаа болоод халуурч, өвдөлтөө тэсвэрлэх гэж шүд зуун эмнэлгийн орон дээр өвчинтэй, үхэлтэй тэмцэлдэн хэвтэж байгаа. Харин сайн ахын ачаар найман сартай А.Амарболд хүүгийн биеийн байдал сайжирч байгаа гэнэ. Нүүр, гар нь галд хайрагдаж, түлэгдсэн ч эмчилгээний үр дүнд хавдар нь буурч эхэлсэн байна.
Гэхдээ түүнд ах нь хэрэгтэй. Амийг нь аварсан ахаа орчлонгоос явуулчихвал хүү хожим насаараа харамсан шаналах бизээ. Тиймээс ах дүү хоёрт туслах тусламжийн гараа монголчууд минь цаг алдалгүй үргэлжлүүлэн сунгаасай гэж хүсэж байна. 80 байтугай 70 хувийн түлэгдэлттэй хүний амь насыг тогтоож торгооход тун хүнд байдаг тухай эмч нар ярьдаг.
Ер нь иймэрхүү өвчин зовлон, осол гамшгийн үеэр ард түмнээсээ хандив тусламж гуйхад аль нэг байгууллагын хамт олон сарын цалингаа хандивладаг, жирийн иргэд маш ихээр тусалж дэмждэг. Харин төрийн хайр хишиг, түмэн олны хүндэтгэлийг дааж явах учиртай бөхчүүд ийм хандивын аянд оролцох хэрэгтэй хэмээн нэгэн жиргээч бичсэн байсныг энд зориудаар уламжлая. Мөн уул уурхайн компаниуд нэг байтугай нэлээд хэдэн А.Цэрэнтогтохын эмчилгээний зардлыг гаргачихад байгал эх, газар шороогоо ухаж сэндийчиж ашиг олж байгаа тааруухан үйлээ цагаатгах том боломж баймаар юм.
Хором мөч бүрээр амь нас нь хэмжигдэж байгаа А.Цэрэнтогтох хүүгээ монголчууд алдмааргүй байна.
Хэрвээ та ах, дүү хоёрт туслах бол Хаан банкны 5018042275 Мягмарын Дэлгэрмаа гэсэн дансанд хандив өргөх боломжтой ба 95955055 дугаарын утсаар ар гэрийнхэнтэй нь холбогдох боломжтой юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ