Аваргууд ноднин наадмаар зодолдоход ч бэлэн байжээ

Наадмын барилдаанд үзэгч олноо баясгах чимэг болсон дархан аваргуудын хэн нь зүүний магнайд гарах вэ гэсэн маргаан олон нийтийн сүлжээ битгий хэл төрийн ордонд хүчтэй өрнөж байгаа бололтой.
Нэг өдөр нэг цагт Ерөнхийлөгчийн тушаалаар дархан аварга цол авсан хоёр аварга маань хоёул зүүний магнайг тэргүүлэн барилдахаар хэвлэлүүдээр ярьж эхэлснээр энэ маргаан хүчээ авч байна. Угшил нь өнгөрсөн жил А.Сүхбат аварга зодоглоход тэд бас л энэ сэдвийг хөндөн бөхийн барилдааны барилдаан эхэлж өгөхгүй үзэгчдийг зовоосноор эхэлсэн түүхтэй. Аргаа бараад чаддагаараа А.Сүхбат аварга тахимаа өгчихөөд зүлэг ногоон дэвжээнээс гарахад үзэгч түмэн тийм ч таатай байдлаар хүлээж аваагүй нь үнэн.
Тэгвэл наадмын өглөө зүлэг ногоон талбайдаа хэрэлдэж зогсолгүй асуудлаа эртхэн шийдэж авахаар хоёр аварга яарчээ. Тэр нь ч зөв биз. Түмний шившиг болж дахин тийрэлцэх гээгүй л бол наана нь зодоглох эсэх, хэн нь аль жигүүрт гарахаа шийдээд авсан нь зөв л дөө.
Угтаа Үндэсний баяр наадмын тухай хуульд бөчүүдийг гаргасан амжилт, авсан цолоор нь огноогоор нь эрэмбэлэхийг заасан байдаг ч хоёр аваргын тухайд нэг өдөр, нэг цаг мөчид Дархан аварга цол хүртсэн учраас өнөө хэр маргаантай яваа. Энэ талаар А.Сүхбат аварга "Ерөнхийлөгчийн зарлигт Сүхбатыг 2004 онд, Өсөхбаярыг 2009 онд дархан аварга цолын болзол хангаснаар тооцсугай" гэж заасан байдаг, тиймээс би зүүний магнайд гарах ёстой" гэсэн бол Г.Өсөхбаяр аваргын хувьд "Миний амжилт Сүхбатынхаас илүү. Тийм ч учраас намайг зүүний магнайд босох ёстой гэдгийг Бөхийн холбооноос тогтоож, Баяр наадмын комисс баталгаажуулсан" хэмээн ярьж байна.
Үүнийг хэнийх нь зөв буруу болохыг шийдээд өгөх эрхзүйн чадамжтай байгууллага ч алга болоо юу гэмээр. Олон түмэн өөр өөрийнхөөрөө бодож сэтгэж энэ асуудалд хандаж байна. Тал хувь нь А.Сүхбат зүүний магнайд гарах ёстой, Б.Бат-Эрдэнэ аварга илүү олон түрүүлсэн гээд Баянмөнх, Мөнхбат аваргуудын дээр гарч зогсдоггүй биз дээ гэж байхад нөгөө хэсэг нь яах аргагүй эрэмбээрээ бол Г.Өсөхбаяр аварга л зүүн жигүүрийг манлайлах нь зөв хэмээж байна.
Тэгвэл энэ талаар Г.Өсөхбаяр аварга "Намайг зүүний магнайд босох ёстой гэдгийг Бөхийн холбооноос тогтоож, Баяр наадмын комисс баталгаажуулсан байхад өнгөрсөн жил Төв цэнгэлдэх хүрээлэн төдийгүй бүх орон даяар зарласны дараа Сүхбат аварга бөх хүнд, тэр дундаа үндэсний бөхийн өндөр дээд цол - Дархан аварга хүнд баймгүй ааш авир гаргасан даа.
Би онгирч байгаа юм биш шүү, хэрвээ тэнд надаас арай өөр авир ааштай хүн байсан бол төрийн наадам эхлэх нь битгий хэл зодоон цохион ч үүсэхэд бэлэн нөхцөл байдал үүссэн. Би төрөө, ард түмнээ хүндэлсэн. Тэгээд би баруунаас боссон. Энэ жил хууль дүрмээ барьж ажиллана гэж найдаж байна" хэмээн мэдэгдэхийн сацуу 2001 оны баяр наадмын тухай нууцаа дэлгэсэн тухай хэвлэлүүд бичиж байна.
Тэнд дурдагдсанаар бол "2001 оны барилдаанд 1024 бөх зодоглож, шөвгийн дөрөвт Бат-Эрдэнэ аварга Цэрэнпунцагийг амлаж, А.Сүхбат, Г.Өсөхбаяр аварга үлдээд байсан үед гэнэтхэн Г.Өсөхбаяр аварга А.Сүхбат аваргыг тийрч, удалгүй А.Сүхбат аварга гэмтлээс үүдэн бөхийн спортоо орхилоо гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар Г.Өсөхбаяр аварга манай дүү зургаа даваад улсын харцага цол хүртсэн юм. Тэгсэн Сүхбат "дараа жил би дүүг чинь улсын заан болгож өгнө. Тэгээд чамд хоёр жил дараалан бууж өгье" гэсэн. Үндсэндээ намайг бууж өгвөл тэр хүн гурван наадмыг золоислоно гээд байсан. Ингэж ярьсаар миний бүх анхаарлыг сарниулчихсан. Энэ бол бөх хүнээс гарамгүй хорон муухай заль л даа. Тэгээд зогсож байснаа гэнэт хөл аваад хаячихсан.
Санаж байгаа бол намайг давчихаад цаашаа явж дэвэхгүй, араас хүлж хоёр гараараа холбож тэврээд бөмбөртөл чичрээд зогсоод байсан. Тэгээд л би тавиулах гэж байхдаа тийм үйлдэл гаргасан. Энэ үйлдэлдээ би одоо болтол гэмшиж явдаг" хэмээн ярьсан тухай бичжээ.
Ийнхүү эртний явдлаа одоо хүртэл дурсан санаж хэн хэндээ гомдолтой явдаг тухайгаа аваргууд хэвлэлээр үг дайж байна.
За тэр олон жилийн өмнөх дурсамж ч яахав гэхэд ирэх наадмаар хэн нь зүүний магнайд зогсох вэ гэдгийг хагалдаг газар нь хэн болох талаар наадамчдад тоймтой ойлголт алга.
С.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ