"Пакс Монголика" хаана яваа вэ?

Саяхан Английн лорд Скиделски гэдэг улс төр, эдийн засгийн ухааны профессор нөхөр "Хятадын шинэ торгоны замын төсөл 13-р зууны Пакс Монголикаг дахин амилуулах нь" нэртэй нийтлэл бичжээ.

Тодруулбал "Пакс Монголика" гэдэг нь дэлхийн түүхэнд хамгийн аугаа хүчирхэг гүрэнд тооцогдох Монголын Эзэнт гүрнийг өөр нэрээр сэргээн мандуулах, амилуулах гэсэн стратеги юм.

Ойрын жилүүдэд "Пакс Монголика"-г өөр нэрээр сэргээн мандуулах олон ч хувилбар гарч байгааг анхааралдаа авч, "Пакс Монголика"-гийн автор болох монголчууд өөрийн гэсэн стратегитай байх шаардлага аяндаа урган гарч ирж байна.

Тиймээс өнгөрсөн үе, түүхийн хуудаст бичигдэн үлдсэн нэр төдий хэмээн юуг ч үл орхиж болохгүйг энэ нийтлэлээр сануулах гэсэн юм. Анх 1997 онд Збигньев Брзежински гэгч "Пакс Монголика"-г өөр нэрээр сэргээн мандуулах боломж болон шаардлагын тухай геостратегийг боловсруулан гаргасан. "Пакс Монголика" гэдэг нь дэлхийн эх газрын 16 хувийг эзлэх, Ази болон Европ тивийг дамнасан бүс нутгийг яаж нэгдсэн зах зээл, улстөрийн институт, нэгдсэн татвар, аюулгүй байдлын тогтолцоотой болгох вэ гэсэн асуудал юм.

Тэгвэл ОХУ эргэн хүчирхэгжсэнээр санаачлага гарган ОХУ, Казакстан, Беларус зэрэг орнуудаас бүрдсэн "Евроазийн Холбоо" гэдэг байгууллагыг байгуулж, мөн "Пакс Монголика"-г үүсгэн байгуулах санаачлагыг гартаа авахаар зүтгэж байна.

Харин Хятадын "Шинэ торгоны зам" төсөл нь мөн л "Пакс Монголика"-г дахин сэргээн мандуулж, санаачлагыг өөрийн гартаа атгах стратеги юм хэмээн лорд Скиделски дүгнэжээ.

Эндээс харвал "Пакс Монголика"-г өөр нэрээр сэргээн мандуулах асуудал бол 21-р зууны том гүрнүүдийн өрсөлдөөний талбар болж, мөн дэлхийн эдийн засгийн өсөлтийн тулгуур цэг болох хандлага гарч ирж байна.

Бага Жозеф Най гэдэг Харвардын профессор зөөлөн эрх мэдэл (soft power), ухаалаг эрх мэдэл (smart power) гэдэг цоо шинэ эрх мэдэл дэлхий дахинд түгээмэл үзэгдэл болж төлөвших байдалтай байгааг дүгнэж, өнөөдрийн дэлхийд гурван том эрх мэдэл болох хатуу эрх мэдэл (hard power), зөөлөн эрх мэдэл (soft power), төрийн бус тоглогчдын эрх мэдэл (nonstate actors power) үүсч байгаа учраас 21-р зуунд ямар ч хүчирхэг улс орон дан ганцаараа дэлхийг удирдах, засаглах боломжгүй болж байгааг анхааруулсан байна.

Тиймээс 21-р зууны "Пакс Монголика" буюу "Евроазийн Холбоо" үүсгэн байгуулагдах нь гарцаагүй болсныг монголчууд ойлгож, өөрийн стратегиа зөөлөн эрх мэдэл (soft power), ухаалаг эрх мэдэл (smart power)-н интеграци дээр тулгуурлан үндэстний стратегээ боловсруулах шаардлагатай болжээ.

"Пакс Монголика"-гийн автор болох монголчуудын стратеги бол Монгол орныг дэлхийн мэдлэгийн төв, дэлхийн санхүүгийн төв болгож хөгжүүлэх эрхэм зорилго болон стратегийг нийт Монголын хүсэл эрмэлзэл болгон төлөвшүүлж, Евроазийн цаашлаад бүх дэлхийн хөгжил болон энх тайванд хувь нэмрээ оруулснаар Монгол үндэстэн дэлхийн түүхийн 21-р зуунд мандан бадрах нь тодорхой. Үүнээс гадна Монгол орон нийт хүн төрөлхтний оюуны хөгжлийг авч явах кино аж үйлдвэр дээр тулгуурласан соёлын аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэхийн тулд "Орчин үеийн дэлхийн тогтолцоог монголчууд бүтээсэн" гэсэн онолыг үндэслэгч 16 гадаад хэлтэй Японы эрдэмтэн Сүгияама Масаакигийн (Sugiyama Masaaki) бүтээлийг монгол хэлээр орчуулж, цаашид гүнзгийрүүлэн судлахаас гадна Чикаго их сургуулийн профессор асан Самуэль Ноа Крамерийн "Шүмэр Үндэстэн" гэх номондМонгол үндэстэн бол Шүмэр үндэстний хойч үе гэдгийг олон баримтаар нотолсныг гүнзгийрүүлэн судалбал Монголын түүх хэдэн мянган жилээр урагшилж, хүн төрөлхтний түүхэнд байгаагүй агуу соёлын аж үйлдвэрийг хөгжүүлбэл газар доорх баялагтай зүйрлэшгүй их соёлын баялаг бий болох нь тодорхой.

"21-р Зууны Пакс Монголика"-г өөр нэрээр үүсгэн байгуулах геостратегийн тоглоом бол худлаа зүйл биш гэдэг нь тодорхой. Монголчууд үүнийг сайтар анхаарч дэлхийн хүн төрөлхтөнд хүндэтгэлтэй үндэстэн болж төлөвшихийн тулд хатуу эрх мэдэл (hard power), зөөлөн эрх мэдэл (soft power), ухаалаг эрх мэдэл (smart power)-г 21-р зууны агуулгатайгаар цогцлоон байгуулах бүрэн боломжтойг ухамсарлаж, дэлхийд нөлөөтэй жижигхэн үндэстэн болох Израиль, Швейцарийн загвараас суралцаж, өөрийн гэсэн загвараа боловсруулж гаргавал Монгол орон цэнгэлийн манлайд хүрэх нь тодорхой.

С.Тулга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ