Улаанбаатарын дэвжээн дээр Олимп, дэлхийн аваргууд хуран чуулна

Ирэх 2016 онд Бразилийн Рио де Жанейро хотноо зуны Олимпийн ХХХI дэх наадам болно. Манай гарагийн хамгийн шилдэг тамирчид “хурднаас хурдан, өндөрөөс өндөрт, хүчтэйгээс хүчтэй” уриан дор чин шударгаар өрсөлдөж аваргуудаа тодруулдаг Олимпийн их наадамд оролцох нь бүгдийн хүсэл билээ. Гэхдээ Олимпийн наадамд оролцохын тулд урьдчилсан тэмцээнд оролцдог уламжлалтай.

Олимпийн татами дээр зодоглох тамирчдыг сонгон шалгаруулах цуврал тэмцээн эхэлсэн. Манай улсад Олимпийн эрхийн оноо олгох “Чингис Хаан” жүдо бөхийн гран при тэмцээн ирэх сарын 3-наас 5-ны хооронд болно. Энэ удаа Монгол, ОХУ, Япон, БНСУ, Гүрж, Франц тэргүүтэй 36 орны эрэгтэй, эмэгтэй 208 бөх зодоглох аж.

Зохион байгуулагч орны хувьд давуу эрхээ эдэлж Монгол улс нэг жинд таван бөх барилдуулна. ОХУ-ын хувьд эрэгтэйчүүдийн гурван жинд бөхөө оролцуулахаар болжээ. Гэхдээ энэ гурван бөх нь Олимп, дэлхийн дэвжээнд өөрийн нэрийг гаргасан шилдэг жүдочид юм. Тухайлбал “Лондон 2012” зуны Олимпийн алт, “Токио 2010” дэлхийн аваргын хүрэл, “Тбилиси 2009” Европын аваргын алтан медальт А.Галстян 66 кг-д барилдана. Мөн “Лондон 2012” зуны Олимпийн алт, “Парис 2011” дэлхийн аваргын алт, “Тбилиси 2009” Европын аваргын алтан медаль Т.Хайбулаев -100 кг-д, “Лондон 2012” зуны Олимпийн алт, “Роттердам 2009” дэлхийн аваргын хүрэл медальт М.Исаев 73 кг-д барилдахаар мэдүүлгээ өгчээ.

Манай улсын хувьд Олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, дэлхийн аваргын алтан медальт Г.Болдбаатар, хүрэл медальт М.Бундмаа тэргүүтэй 56 бөх нутгийнхаа дэвжээн дээр зодоглоно.

Ингээд багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Цогтбаатар, Г.Болдбаатар, Г.Хэрлэн, Д.Амартүвшин, 66 кг-д Б.Батгэрэл, Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, Р.Алтаннаран, 73 кг-д Г.Одбаяр, С.Ням-Очир, С.Мияарагчаа, Х.Цагаанбаатар, 81 кг-д Б.Бат-Эрдэнэ, Б.Гаажадамба, О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Түвшинжаргал, Х.Цогтгэрэл, Л.Отгонбаатар, Р.Анхбаатар, -100 кг-д Б.Ариун-Эрдэнэ, Б.Лхагва-Очир, Д.Пүрэвдорж, Б.Жанчивдорж, +100 кг-д Б.Тэмүүлэн, Э.Амартүвшин, Э.Энхбат, Ө.Дүүрэнбаяр нар барилдана.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Хорлоодой, Э.Базаррагчаа, Э.Гэрэлмаа, М.Долгоржав, 52 кг-д А.Цолмон, Б.Бат-Эрдэнэ, Б.Анхцэцэг, М.Бундмаа, 57 кг-д А.Батзул, Д.Сумъяа, Л.Энхрийлэн, П.Буянхишиг, 63 кг-д Б.Баасанжаргал, Ш.Ганчимэг, Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид, 70 кг-д Б.Хулан, Б.Хонгорзул, М.Даваасүрэн, Ц.Батцэцэг, -78 кг-д М.Ууганжаргал, П.Лхамдэгд, С.Адилбиш, С.Жавзмаа, +78 кг Б.Мөнхтуяа, Д.Золжаргал, Г.Энхриймаа, О.Жавзмаа нар эх орноо төлөөлөн барилдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ