Сансар орчмын баар, караокег хаана

БЗД-ийн 3, 7-р хорооны нутаг дэвсгэр буюу Сансар орчимд согтууруулах ундаагаар үйлчилдэг 60 аж ахуйн нэгж байна. Тиймээс уг газруудын үйл ажиллагааг хязгаарлаж, хаахаар болсон тухай өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. Нэг хороонд хэтэрхий олон баар, караоке, шөнийн цэнгээний газар байрладгаас болж гэмт хэргийн гаралт нэмэгдэх, оршин суугчдын ая тухтай байдал алдагдах зэрэг олон асуудал гарч байгааг цэгцлэх зорилгоор уг арга хэмжээг авахаар болжээ.

Дээрх шийдвэрийг гаргахдаа БЗД-ийн 3, 7-р хорооны иргэдээс байнга ирдэг гомдол саналыг үндэслэн оршин суугчдын дунд судалгаа явуулсан байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 80 орчим хувь нь тэр хавийн баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг хаах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн 6-7 мянган хүн амтай нэг хороонд 30 орчим баар, цэнгээний газар байна гэдэг ямар их асуудал, эрсдэл үүсгэж байгааг цагдаагийн байгууллагаас гаргасан сүүлийн үеийн судалгааны дүн харуулдаг. Түүнчлэн тус хороодод гарах гэмт хэргийн тоо хамгийн өндөр, ихэвчлэн согтуугаар үйлдэгдсэн байдаг байна. Гэхдээ 60 аж ахуйн нэгжийн хаалгыг шууд барихгүй. Тэд татвар төлөгч, бас тодорхой тооны хүмүүсийг ажлын байраар хангадаг. Гэхдээ оршин суугчдын, нийтийн эрх ашгийг хангах ёстой учраас бизнесийн алдагдал хүлээхгүйгээр хэрхэн ажиллах боломжтой талаар аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийж зөвлөлдөх бөгөөд үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөх гэх мэтээр зохицуулах ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ