Ангийн зориулалтаар автомат буу худалдахыг хориглоно

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Галт зэвсгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ш.Түвдэндорж нар санаачлан өргөн мэдүүлжээ.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд ан хийх зориулалтаар худалдан авсан хагас автомат бууг яах вэ. Мөн тамирчдын хувьд сумаа хилээр нэвтрүүлж чаддаггүйгээс тэмцээн уралдаанд оролцох боломжгүй болдог гээд асуудал үүсдэгийг хэрхэн зохицуулсныг хууль санаачлагчаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний тайлбараар бол шинэ хууль хэрэгжиж эхэлснээр ангийн зориулалтаар хагас болон бүрэн автомат буу худалдахыг хориглоно. Мөн автомат буу ашиглах бол зөвхөн спортын зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө. Нэгэнтээ ангийн зориулалтаар худалдаалагдсан иргэдийн гар дээр байгаа хагас автомат бууг ашиглахыг нь хориглохгүй. Гол нь бүртгэлд хамруулах шаардлагатай. Бүртгэлд хамруулахад хаанаас худалдаж авсан бэ, татвараа яагаад төлөөгүй вэ, өмнө нь яагаад бүртгэлд хамруулаагүй вэ гэж тодруулж асуухгүй. Ингэж байж галт зэвсгийн бүртгэлийг үнэн зөв болгож, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилго агуулж байгаа гэдгийг тодотголоо. Одоо үйлчилж байгаа хуулиар спортод ашигладаг сумыг хил гаалиар нэвтрүүлэхтэй холбоотой зохицуулалт огт байгаагүй, тиймээс энэ нь хэн нэг даргын үзэмжээр шийдэгдэж ирсэн. Үүнээс болж, сумаа хилээр нэвтрүүлж чадахгүй 2 жил болж байсан тохиолдол бий гэнэ. Харин шинэчилсэн хуулиар энэ бүхнийг тодорхой болгож өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ