Цагдаагийн хэлтсийн нэрэмжит хөлбөмбөгийн тэмцээн болов

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс цагдаагийн байгууллагыг иргэд олон нийтэд сурталчлах, хууль сурталчлах, иргэд олон нийтийн хамтын ажиллагааг дээшлүүлэх ажлыг зохион байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд "Амар тайван амьдрал, аюулгүй байдлын төлөө хамтдаа" нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөллийг оролцуулан хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиосон юм. Мөн гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сургалт хийн, оролцогчдоос бичгээр санал асуулга авч, өдөрлөгийн арга хэмжээний төгсгөлд хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний техникийн зөвлөгөөнийг хийж, багуудын мэдүүлэг авах, мандат олгох, сугалаа хийх, тоглолтын хуваарь гаргах зэрэг арга хэмжээг зохион байгуулав.

Цагдаагийн хэлтсийн нэрэмжит хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ амралтын өдрүүдэд хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа юм. Уг тэмцээнд Даланзадгад хот, Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэс, сумын эмнэлэг “Энержи Ресурс” ХХК-ийн 2, “Эрдэнэс таван толгой” ХК, “Залуучууд хөгжлийн төв”, “Армор”, “Мянган дуут” хамгаалалтын албад, “Мера” ХХК зэрэг сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 18 багийн 260 гаруй тамирчид өсвөр үе, болон насанд хүрэгчдийн ангиллаар эхний 3 байр, шилжин явах цомын төлөө өрсөлдсөн байна.

Тэмцээнийг зохион байгуулагч Цагдаагийн хэлтсийн “Цагаан шонхор” баг тамирчид сумын сум дундын эмнэлгийн “Энэрэхүй”, “Мянган дуут” хамгаалалтын албаны “Ажнай” баг, “Өрнөдийн нүүдэл” ХХК-ийн “Номадс” багтай тоглож 4 хожилыг авч, хагас шигшээ тоглолтод “Энержи Ресурс” ХХК-ийн багтай тоглож 1 оноогоор хожигдсон байна.

Гурван өдрийн турш үргэлжилсэн тэмцээнд “Энержи Ресурс” ХХК-ийн баг тэргүүн байр шилжин явах цом, алтан медаль авч, хоёрдугаар байрт “Эрдэнэс таван толгой” ХК-ийн баг мөнгөн медалийг, Даланзадгад хотын “Анчорс” баг гуравдугаарт байрт орж хүрэл медал тус тус хүртжээ.

Сумын аварга шалгаруулах уг тэмцээнийг 2014 онд анх Цагдаагийн хэлтсээс сум орон нутагтаа санаачлан зохион байгуулахад аж ахуйн нэгж байгууллага, сумын иргэнээс бүрдсэн нийт 23 баг оролцож тэргүүн байрын шилжин явах цомыг “Энержи Ресурс” ХХК-ийн баг тамирчид гардан авч, байгууллагын удирдлагууд, сумын иргэд, баг, тамирчдын санал, хүсэлтээр өндрөөр үнэлэгдэж, цаашид жил бүр 6 дугаар сард уламжлал болгон Цагдаагийн хэлтсээс зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зураг, удирдамжийг Цогтцэций сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн https://www.facebook.com/groups/Police.tsts/?fref=ts цахим хаягаар орж сонирхох боломжтой юм.

Б.Анир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ