Эмэгтэй хүн зам дээр зодсон цагдаагийн өмнөөс ЦЕГ уучлал хүслээ

Эмэгтэй хүн зодож буй цагдаагийн алба хаагчийн бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж олны дургүйцлийг хүргээд байгаа. Тодруулбал, ХУД-ийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлагч Э.Баасандорж нь эмэгтэй хүн зодож танхайрсан юм. Түүнийг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтэст шалгаж байгаа аж. Өнөөдөр энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү "2015 оны зургадугаар сарын 30-ны өдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгт цагдаагийн алба хаагч Э.Баасандорж нь алба хаагчийн ёсзүйн хэм хэмжээг ноцтойгоор зөрчсөн, байж боломгүй үйлдэл гаргалаа. Иймээс Цагдаагийн ерөнхий газраас тухайн эрх нь зөрчигдсөн иргэн болон нийт ард иргэдээс албан ёсоор уучлал хүсч байна. Улаанбаатар хотын цагдаагийн газарт уг асуудлаар албаны шалгалт явагдаж байна. Албаны шалгалтын дүнг хэлэлцээд, ЦЕГ-ын зөвлөлийн хурлаар уг албан хаагчид хариуцлага тооцно. Иргэний эрх чөлөөнд халдсан уг асуудлыг Мөрдөн байцаах газрын тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Авсан арга хэмжээ болон эрүүгийн хэрэг хэрхэн шалгагдаж байгаа талаар эргэн мэдээлэх болно” гэсэн юм.

Харин бичлэгт зодуулж буй эмэгтэйгийн тухайд тэрбээр ХУД-ийн харьяат, иргэн У гэгч юм байна. Тэрбээр сэжигтэн биш. Харин ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан бөгөөд гомдлыг тухайн ахлагч Э.Баасандорж нь хэсгийн байцаагч байхдаа шалгаж хариу өгч байсан аж. Тодруулбал, У гэгч эмэгтэй 2004 онд ажлаасаа хууль бусаар халагдаж, ХУД-ийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж байжээ. Тухайн үед байцаагч Э.Баасандорж шалгаж байгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэргийг хаасан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ