Хуульчийн мэргэжлийн шалгалтын товыг зарлалаа

Монгол Улсад хуульчдыг сонгон шалгаруулах, үүний үндсэн дээр мэргэжлийн гэрчилгээг олгох ажил 2004 оноос эхэлсэн.
2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар тус шалгалттай холбоотой эрх зүйн зохицуулалтыг шинэчилсэн. Монгол Улсын Хууль зүйн сайдын 2014 оны А/147 дугаар тушаалаар баталсан Хуульчийн мэргэжлийн шалгалтын журамд заасны дагуу 2014 онд тус шалгалтыг цахим хэлбэрээр амжилттай авсан юм.
Хуульчийн мэргэжлийн шалгалт нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтооход чиглэнэ.
Энэ удаагийн хуульчийн мэргэжлийн шалгалт Монгол Улсын Хууль зүйн сайдын 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн А/145 дугаар тушаалд зааснаар 2015 оны 9 дүгээр сарын 18, 19, 20-ны өдөр авахаар товлогдлоо.
Хуульчийн шалгалт нь сорилгын ба бодлогын шалгалтаас бүрдэх бөгөөд аль алиныг нь тусгайлан бэлтгэсэн танхимд, компьютер ашиглан авна. Шалгалтын бүртгэл тов зарласан (2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр) өдрөөс эхэлж 8 дугаар сарын 18-ны өдөр дуусна.
Шалгалтад оролцохыг хүсэгчид https://burtgel.legalinstitute.mn/ хаягт нэвтэрч бүртгүүлнэ. Бүртгэлийн хураамж 35.000 /Гучин таван мянган төгрөг/ болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://burtgel.legalinstitute.mn/ цахим хуудас болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 11-312825 дугаарын утаснаас лавлана уу. /Ажлын цагаар/
2015 оны Хуульчийн шалгалтын жишиг сорилгын хураамж номыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын дэлгүүрт худалдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ