АН-ын зөв алхам

Манжин байхад махаар яахав гэдэг үг АН-ынхны толгойд оржээ. Боддог л бодол. Эр хүн зоригтой бол юу гэдэг билээ дээ. МАХН гэдэг "манжин" байхад МАН-аар ч яахав. АН-ын парламентын бүлгээс дэмжигдсэн МАН-ыг засгаас гаргах саналыг АН-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдрийн хуралдаанаараа батлаад байна.

Ингээд Засгийн газарт хамтран орсон МАН-тай байгуулсан гэрээний биелэлтийг хэлэлцээд, энэхүү гэрээгээ цуцлах үүргийг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт өглөө.

Одоо сонгуулийн үлдсэн хугацаанд Ардчилсан намын Засгийн газар хэрхэн үр дүнтэй ажиллаж, олонхоос бүрдсэн парламент дахь бүлэг хэрхэн хуулиудаа батлахыг харах л үлдлээ. Уригдаж ороод хөөгдөж гарах нь таагүй ч гэсэн Засагт орсон цагаасаа үр бүтээлтэй хамтран ажиллахаас илүүтэй айсуй сонгуульд бэлдэж АН-ын нийслэл, орон нутагт, улс орны чухал салбаруудад хийж байгаа бүхий л ажлыг улстөржүүлэн харлуулах болсон нь өөрсдийнх нь буруу.

Энэ бурууг АН-ын Гүйцэтгэх зөвлөл ийнхүү үзжээ.

- Засгийн газарт МАН-ыг хамтарч ажил хийе гэж урьсан. Харамсалтай нь МАН нэг л ажил хийдэг юм байна. Тэд 6 сайд, 7 дэд сайд авч 600 гаруй төрийн албан хаагчийг халлаа. МАН албан тушаал ширээ сандлаас өөр ажил хийжчаддаггүй юм байна. Хууль зөрчин төрийн албан хаагчийг хална гэж бид тохироогүй.

- МАН-ыг бид УИХ-ын чуулганы нийт хугацааны 60 хувийг нь сайд огцруулах асуудал тавьж ажил хийлгэхгүй болохоор нь хамтран ажиллах гэж төрд урьсан. Тэд сайд огцруулах ажлаа төрийн албан хаагчдыгхалах ажлаар солилоо. Тэд зургаан сарын хугацаанд ийм л ажил хийлээ.

- Эдийн засгийг сайжруулахад иргэдээ уриалж ард түмнээ ажил үйлсэд уриалж хамт явна гэж итгэж МАН-ыг урьсан. Өөрсдөө ч тэгж амласан. Харамсалтай нь, тэд төрийн бодлогоор хэрэгжүүлсэн ажлыг мушгиж гуйвуулж, ард түмний санаа сэтгэлийг мунхруулсан гүтгэлгээс өөр юм хийсэнгүй. Ардчилсан нам 2012-2014 онд их бүтээн байгуулалтын ажлууд хийсэн. Монгол ардын намтай хамтарснаас хойш ажил урагшлахгүй байна.

- МАН 2016 оны сонгууль эхэлснээ зарлаж, төрийн ажлыг цалгардуулах, түмэн олныг хувааж талцуулах боллоо. МАН 2000-2012 оны хооронд бүтэн нэг үед Монгол Улсыг удирдаж, олонхийг бүрдүүлж явсан ч нүдэнд харагдаж гарт баригдах бүтээн байгуулалт, цэгцтэй бодлого байсангүй.

- Өнөө цагт АН хариуцлагаа үүрсэн шиг үүрч, МАН сөрөг хүчин шиг байж 2016 онд ард түмнээрээ дүнгээ тавиулах нь зүйтэй гэж тэд үзжээ.

Үүнийг олон хүн зөв зүйтэй алхам хийлээ гэж харж байгаа нь тодорхой. Тэртэй тэргүй үлдсэн жил гаруйн хугацаанд энэ чигээрээ өөх ч биш булчирхай ч биш ажилласнаас бүх үүрэг хариуцлагаа Ардчилсан нам нуруундаа авсан нь дээр. Хариуцлага тооцох цаг ирэхэд ард түмэн МАН-тай юу ярихав.

Харин Засгаас хөөж ёсгүй авирлалаа гэж үзэх Ардын намынхны хувьд ингээд дуугүй өнгөрөхгүй нь тодорхой. Бүх л түвшинд улстөржиж АН-ын ажилд, төрийн ажилд саад хийх гэж үзнэ. Тиймээс мах байхгүй ч манжинтай байхын тулд МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэлтэйгээ хавсайдан хамгаалалтаа бататгах болов уу хэмээн улс төрийн хүрээнийхэн ярилцаж байна.

С.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ