Улс төрөөс "сайхан" мэдээнүүд

АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс МАН-тай хийсэн гэрээгээ цуцлаж хамтарсан засгаас гаргах шийдвэр гаргаад буй. Дэнж хотойтол наадах цаг болсон ч монголчуудын хувьд улс төрийн халуун өдрүүд үргэлжилсээр байгаа. Тэгвэл "улс төр"-өөс сайхан мэдээллээр монголчууд маань өнгөрсөн өдрүүдэд амьсгаллаа.

{!!!right!!!}Петр Ильич Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн наадамд оролцоно гэдэг дэлхийн сонгодог урлагийн тавцанд бахархалтайгаар хөл тавилаа гэсэн үг. Тэгвэл монгол хүн энэхүү нэр хүндтэй наадамд оролцоод зогсохгүй олон орны дуурийн дуулаачдаас хамгийн гайхамшигтай нь байж гран дри шагналыг нь хүртсэн үйл явдал энэ сар гарснаас хойшхи хамгийн эхний сайхан мэдээ байлаа. Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дэлхийн сонгодог урлагийн олимп гэгддэг М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24 дэх удаагийн тэмцээнээс дөрвөн жилийн өмнө гран при шагналыг нь эх орондоо авчирж, улмаар 21-хэн насандаа гавьяат хэмээх цолоор энгэрээ мялааж байсан. Түүнээс хойш 1600 гаруй дуурийн дуучид оролцсон Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачийн уралдаан, Baikal competition Arena зэрэг олон тэмцээнд оролцож түрүүлж улсынхаа нэрийг гаргасаар яваа.

Харин энэ удаа тэрээр 39 орны 500 гаруй авьяастны дундаас шалгарч энэхүү наадмын Гран Приг хүртсэнээр Монголын сонгодог урлаг дэлхийн тавцанд хүрсэн гэдгийг дахин нотоллоо.

Урлагийн салбарт Монголын нэр дэлхийн тавцанд цууриатсан бол өнгөрсөн өдрүүдэд спортын ертөнцөд жүдочид аатай сайхан барилдаануудыг үзүүлж олимпийн эрхийн оноонуудаа цуглуулж чадлаа.

Олон улсын жүдогийн холбооны олимпийн эрхийн оноо цуглуулах "Чингис хаан" гран при тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт гурван өдрийн турш амжилттай зохион байгуулагдсан юм. Олимпийн аварга Н.Түвшинбаяр энэ удаагийн тэмцээнийг өнжсөн ч дотоод, гадаадын жин жингийн шилдгүүд хуран цугласан. 30 гаруй орны 200 гаруй жүдочид энэ удаагийн гран прид өрсөлдсөнөөс ОХУ-ын олимп дэлхийн аварга гурван шилдэг жүдоч ирж оролцсон нь, оролцоод ямар ч медальгүй хоцорсон нь анхаарал татахын сацуу энэ тэмцээнийг ямархуу өндөр чансаа, чанартай тэмцээн болсныг батлан харуулж байгаа юм. 2012 оны Лондоны олимпийн аварга Тагир Хайбулаев гэхэд Японы 19 настай залуу жүдоч Аарон Волфд хэсгийн барилдаанд цэвэр ялагдаж тэмцээнийг орхисон жишээтэй.

Энэ удаагийн гран прид Монголын багийн эмэгтэй жүдочид хоёр АЛТ, нэг МӨНГӨ, гурван ХҮРЭЛ медаль, эрэгтэй жүдочид гурван АЛТ, хоёр МӨНГӨ, долоон ХҮРЭЛ медаль хүртэж багийн амжилтаар тэргүүлснээр тэмцээнийг бахархал дүүрэн өндөрлүүлсэн. Нийт 18 медаль, 12 шагналт байрт шалгарсан Монголын жүдочид гурван өдрийн турш монголчуудаа баярлуулж чадлаа.

Гурван өдрийн хугацаанд Монголын жүдочид ТАВАН удаа төрийн дууллаа эгшиглүүлсэн төдийгүй -60 кг-ийн жинд нэгэн зэрэг дөрвөн МОНГОЛ улсын төрийн далбаа өндөрт өргөгдсөн гайхалтай тэмцээн болж өнгөрөв.

Удаах сайн мэдээ уул уурхайн салбар Монгол улсын хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой болж тэр ч утгаараа байгаль орчин хамгааллын асуудал хурцаар хөндөгдөж байгаа үед сайхан гэхэд ч багадмаар мэдээлэл байв.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулган ХБНГУ-ын Бонн хотноо хуралдаж байгаа ба тус хорооны энэ сарын 4-ний хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг" номинацийг гишүүн орнууд хэлэлцэж улмаар Дэлхийн өвд бүртгэх шийдвэрийг санал нэгтэйгээр батлан гаргажээ.

Үүнээс өмнө Гадаад хэргийн сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Пүрэвсүрэн, ХБНГУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Францад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан нар болон БОНХАЖЯ-ныхан 10 хоногийн өмнөөс энэ асуудлыг хөөцөлдөж эхэлсэн гэнэ.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны хуралдаанаар Дэлхийн өвийн хорооны 21 гишүүн орноос 17 улс дэмжжээ. ЮНЕСКО-д өвөө бүртгүүлнэ гэдэг амар ажил биш билээ. Харин ЮНЕСКО-д өвөө бүртгүүлснээр хөрөнгө оруулалт орж ирээд зогсохгүй тухайн өвөөр дамжуулан Монгол Улс дэлхийд улам танигдаж, нэг ёсны манай улсын сурталчилгааны бас нэгэн хуудас болж байгаа давуу тал бүрдэх юм. Ямартай ч төрийн дархан цаазат Бурхан Халдун хайрхан маань дэлхийд дархлагдаж чадлаа.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ