Ийм богино хугацаанд засгаас гаргана гэж бодоогүй

УИХ дахь МАН-ын бүлэг, мөн МАН-ын Удирдах зөвлөл АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэлэлцээд Засгийн газраас гарах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрчээ.

Энэ талаар МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Сүүлийн 14 хоногийн турш АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс МАН-ыг Засгийн газраас гаргах асуудлыг ярьж байгаа. Уг нь 2014 оны арваннэгдүгээр сард АН-аас шинээр сонгогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ыг Засгийн газарт орж, хамтарч ажиллаач ээ гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож 6-7 цаг Засгийн газарт хамтарч улсын ажлыг авч явах талаар санал солилцож, ярилцаж байсан.

Бид ийм богино хугацаанд Засгийн газраас гаргана гэж бодож байгаагүй. Улс орны эдийн засгийг сайжруулж, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар дорвитой ажлуудыг хамтран хийж, бодитой үр дүнд хүргэж ажиллана гэж бодож байсан. АН-ын Гүйцэтгэх зөвлөл намынхаа даргыг Говь-Алтай, Завхан аймагт ажиллаж, намаасаа сонгогдсон Ерөнхий сайдыг гадаадад томилолтоор айлчилж байхад гэрээг дүгнэж, шийдвэр гаргалаа. Манай намын хувьд засагт хамтарсан ч гэсэн алдаатай зүйлсийг нь засах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан. Хамтарсан гэдгээрээ ам үдүүлсэн мэт суух нь буруу.

Орон нутгийн түвшинд ч хамтран ажиллах талаар тохирсон зүйлс байсан. Харамсалтай нь, энэ гэрээ өнөөг хүртэл хэрэгжээгүй. МАН-аас томилогдож ажиллаж байгаа сайд нарын нэр дээр шүүхийн шийдвэрээр төрийн албаны хууль зөрчиж ажлаас халагдсан гэдэг нэг ч шийдвэр гараагүй. Өмнө гарсан алдаа завхралыг залруулахын тулд ажиллаж байсан.

Сүүлийн үед АН-ын Гүйцэтгэх зөвлөл Үндсэн хуулиар Ерөнхий сайдад олгосон бүрэн эрх, Засгийн газар кабинетаараа ажиллах, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд өөрөө санал болгож оруулж ирэх, Засгийн газраа бүрдүүлэх эрхэнд халдаж хууль бус санал санаачлага шийдвэр гаргаж байгаа.

Үндэсний их баяр дөхсөн, ган гачигтай, эдийн засаг хүнд, иргэдийн аж амьдрал орон нутагт доройтож байгаа цаг үед Засгийн газарт ажиллаж байгаа сайд нарыг гаргах тухай ярьсан. Гэхдээ МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын бүлэг энэ тухай хэлэлцэж тодорхой шийдвэр гаргасан. Бид сайдын суудалтай зууралдаад байхгүй" хэмээсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ