Урсгал сөрж охины амь насыг хохироосон цагдаагийн шүүх хурал болно

Сүхбаатар дүүргийн 13 хороо буюу Таван буудлын зам дээр өнгөрсөн оны есдүгээр сарын 10-нд зам тээврийн ноцтой осол гарч, СЭҮ 00-23 дугаартай цагдаагийн автомашин урсгал сөрж явснаас зам хөндлөн гарч явсан 12 настай охиныг мөргөж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ.

Тэгвэл өнөөдөр 10.00 цагт Давж заалдах шатны шүүх дээр Ц.Ууганбаатарт холбогдох хэргийн шүүх хурал болно.

Тухайн үед урсгал сөрж яваад осол гаргасан СЭҮ 00-23 дугаартай цагдаагийн автомашин дотор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Саранбаатар жолооч Ц.Ууганбаатарын хамтаар явж байсан аж. Ингээд хот руу чиглэсэн замын хөдөлгөөн ачаалалтай байсан учраас дэд хурандаа Б.Саранбаатар жолоочдоо урсгал сөрөх үүрэг өгснөөр эл хэрэг гарсан байдаг.

Прокуророос жолооч Ц.Ууганбаатарт Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байсан бол урсгал сөрөх хууль бус тушаал өгсөн дэд хурандаа Б.Саранбаатараас гэрчийн мэдүүлэг аваад л өнгөрсөнд талийгаач охины ар гэрийнхэн ихэд гомдолтой байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ