Наадмын өдрүүдэд нийслэлд бүтээн байгуулалтын ажил хийгдэхгүй

Нийслэлийн нутаг дэвсгэр дэхь зөвшөөрөлгүй болон зөрчилтэй барилга байгууламжид хяналт шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийнхэн өнөөдөр шуурхай хуралдлаа.
Наадмын өдрүүд эхлэх гэж байгааг далимдуулан барилга угсралтын ажлыг эхлүүлдэг нийтлэг зөрчлийг компаниуд цөөнгүй гаргадаг байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хяналтын ажлыг албан ёсоор эхэллээ. Дүүрэг тус бүрд НМХГ-ын газрын байцаагч нараар ахлуулсан 8 дэд ажлын хэсэг жижүүрийн байдалтай ажиллах юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд НМХГ, НОБГ, УБЦТС, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Цагдаагийн байгууллагын төлөөлүүд багтжээ.
Нийт 78 барилга байгууламжийн хувьд зөвшөөрөлгүй,техникийн нөхцөлгүй зэрэг бусад зөрчлүүд илэрчээ. Эдгээрээс 58 нь барилга, 18 нь ухсан нүх бөгөөд зарим ухсан нүхнүүдийн эзэн холбогдогчийг тогтоохоор ажиллаж байна.
Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 2 тэрбум төгрөгийн ажил хийгдэж байгаа юм. Энэхүү ажил ихэнхдээ орц байрны орчимд, зам талбайд хаалт хийх шаардлага тулгардаг. Харин баяр,амралтын өдрүүдэд иргэдийн ая тухтай байдлыг хангахын тулд дээрх бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 10-16-ны өдөр хүртэл түр зогсоохоор шийдвэрлэжээ. Тиймээс энэ хугацаанд хотын нэрийг барьж барилга байгууламжийн ажил гүйцэтгэх зөрчил гарч магадгүй тул холбогдох байгууллагууд байнгын хяналт шалгалт явуулахыг үүрэг болгов.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ