Долоогоос доош насны хүүхдээр морь унуулахгүй

Үндэсний их баяр наадмаар хурдан морь унах хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих чиглэлээр МХЕГ-аас онцгой анхаарч ажиллахаар болжээ. Тодруулбал, наадмын дараа болдог орон нутгийн чанартай бэсрэг наадам, их, бага сунгаа, овоо тахилга, бүсийн уралдааны үед морь унаач хүүхэд бэртэж гэмтэх, амь насаа алдаж болзошгүй тул тус газраас хэд хэдэн заалт бүхий зөвлөмж гаргасан байна. Тухайлбал, морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих стандартад заасан хамгаалах хэрэгслээр хангахыг уяач, эздэд анхааруулсан байна. Мөн хамгаалах хэрэгсэл, хувцасгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахгүй байхыг аймаг, нийслэл, дүүрэг, сумдын Морин спорт уяачдын холбоо, салбар хороод, баяр наадмын комисст сануулжээ. Долоогоос дээш настай хүүхдээр хурдан морь унуулах, ослын даатгалд заавал хамруулсан байх, гарч болзошгүй эрдслийг хэрхэн зохицуулах, цалин, нийгмийн баталгааг нь хангах зэрэгт мэргэжлийн хяналтынхан хяналт тавина. Ингэхдээ тухайн орон нутгийнхаа хүүхдийн байгууллагын ажилтнууд, Үйлдвэрчний эвлэлийн хороодын хөдөлмөрийн хяналтын байцаагч нартай хамтран ажиллах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ