БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэл эхэлжээ
Бүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл өчигдрөөс эхэллээ. Хөдөлмөрийн гэрээгээр тус улсыг зорих иргэдийн хувьд 10 үе шат, шалгуурыг дамждаг. Эдгээр шалгуурын хамгийн эхнийх нь солонгос хэлний түвшин тогтоох шалгалт байдаг юм. Шалгалтыг энэ жил 11 дэх удаа зохиож байгаа нь энэ юм.
Энэ жилийн хувьд Солонгосын хүний нөөцийн газраас шалгалтын квотыг бууруулжээ. Өөрөөр хэлбэл, энэ жил солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад 600 хүнийг л тэнцүүлэх юм. Өнгөрсөн жил энэ тоо 1000 байсан. Харин сүүлийн жилүүдэд БНСУ-ыг зорих иргэдийн урсгал багассан хэмээн тэд үзжээ. Ер нь жил бүрийн үзүүлэлт буурсан дүнтэй гарсан гэв. Тиймээс энэ жил шалгалтын квотыг багасгасан байна.
Ингэж квотыг бууруулснаар шалгалт өгөх иргэдийн шалгуур өндөрсч буйг сануулав.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлэх бол тухайн дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтсүүдэд очих юм байна. Шалгалтын бүртгэл энэ сарын 7-9-ний өдрүүдэд ердөө гурав хоног л үргэлжлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ