Ууланд авирсан 5 залуугийн цогцсыг олжээ

Баян-Өлгий аймгийн нутаг, “Алтай таван богд” ууланд авирч байсан таван залууор сураггүй алга болоод гурван хоног болсон. Ар гэрийнхэн нь мэдээлснээр тэд хамгийн сүүлд буюу долдугаар сарын 11-ний өдөр холбоо барьснаас хойш сураггүй болоод байсан.
Тэгвэл ОБЕГ-аас мэдээлснээр уулчдын цогцсыг олсон байна. Талийгаачдыг осгож үхсэнийг эхний байдлаар тогтоожээ. Энэхүү эмгэнэлтэй явдал нийгмийг цочирдуулаад байна. Хэргийг эргэн сануулбал долдугаар сарын 12-ны өглөө уулчин Г.Өсөхбаяртай хамт мэргэжлийн хоёр баг бууж ирсэн боловч мэргэжлийн бус нэг баг алга болсон хэмээн аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн юм.
Улмаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлынхан гавьяат уулчин Г.Өсөхбаярын хамт долоон хүнтэй баг бүрдүүлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Эрлийн багийнхан сураггүй болсон залуусын хамгийн сүүлд холбоо барьсан цэгт очсон ч ямар нэгэн ул мөр олдоогүй гэнэ.
Ингээд хамгийн сүүлд байсан байршлыг олсноос хойш цаг хугацаа их өнгөрсөн тул уулчдын ар гэрийнхэнд "Эсэн мэнд байх найдвар тааруу байна. Гэхдээ эцсийн байдлаар уулчдыг нас барсан гэж тогтоогоогүй" гэж ОБЕГ-аас мэдэгджээ.
Харин Улаанбаатараас нисдэг тэрэг, уулчдын бүрэлдэхүүн нэмэлтээр гарсан ч цаг агаарын байдал хүнд, үзэгдэх орчин хязгаарлагдмал, ууланд нуралт үүсэх бэрхшээлүүд хүндрэл учруулж байгааг дуулгалаа.
Амь эрссэдсэн залуус бүгд мэргэжлийн бус, ууланд авирах сонирхолтой залуус бөгөөд ээлжит аяллаа хийж байсан байна. Ар гэрийнхнийх нь зүгээс "Таван хүн амьд эсэх нь мэдэгдэхгүй алга болчихоод байхад улсын Онцгой байдлын ерөнхий газар, Шадар сайд У.Хүрэлсүх эрлийн багийн хүний тоог нэмэх, нисдэг тэрэг гаргаж өгөх зэрэгт хойрго хандсаар байна" гэж байсан юм.
Ингээд эрлийн ажиллагааны дүнд ууланд авиралт хийж байгаад алга болсон таван залуугийн цогцсыг олсон юм.
Тус аймгийн онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнээс гадназэргэлдээх аймгууд Ховд, Увс аймгийн онцгой байдлын газрынуулчин аврагчид, “Монгол экспедишн” компанийн уулчид эрэн хайх ажиллагаанд оролцсон.
Алтай Таван Богд ууланд авиралт хийсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа юм байна. Тиймээс үүнд зориулсан авиралтад Монголын өнцөг булан бүрээс, хилийн чанадаас олон уулчин, клуб нэгтгэлээс зохион байгуулж авиралт хийж байгаа аж. Энэ арга хэмжээний үеэр ийм эмгэнэлтэй явдал тохиолдоод байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ