“Сумын эрүүл мэндийн төвийн хөгжлийн шинэчлэл” улсын зөвлөгөөн болж байна

Эрүүл мэндийн яам, Монголын сумын эмч, мэргэжилтний холбоо хамтран “Сумын эрүүл мэндийн төвийн хөгжлийн шинэчлэл” улсын зөвлөгөөн өнөөдөр дуусна.

Эхний өдрийн зөвлөгөөнийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар удирдан явуулсан бөгөөд “Анхан шатны тусламж, үйлчилгээний дэлхий нийтийн чиг хандлага” сэдвээр Азийн хөгжлийн банкны “ЭМСХХ-3” төслийн удирдагч Б.Булганчимэг, “Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал нар илтгэл тавьлаа.

Үүний дараа ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар зарим сумдын Эрүүл мэндийн төвийн тэргүүний эмч мэргэжилтнүүдэд шагнал гардуулсан юм. Үдээс хойшхи зөвлөгөөнөөр ЭМШУИС-ийн дэд захирал Д.Амарсайхан “Ерөнхий мэргэжлийн эмч бэлтгэх, сургалтын өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр, Монголын сумын эмч мэргэжилтний холбооны тэргүүн Ц.Ганхүү “Сумын эрүүл мэндийн төвийн хөгжилд төрийн бус байгууллагын үүрэг оролцоо” сэдвээр, Сүхбаатар аймгийн ЗДТГ–ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн М.Дэлхийцэцэг “Сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд нутгийн захиргааны байгууллагын оролцоог сайжруулах нь” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Тус зөвлөгөөнд 21 аймгийн 330 сум, тосгодын Эрүүл мэндийн төв, Сум дундын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд болон холбогдох байгууллагуудын төлөөлөл болох 400 орчим хүн оролцлоо.

Зөвлөгөөнөөр Сумын эрүүл мэндийн төвийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга зам, хөгжлийн шинэчлэлийн стратегийг тодорхойлох бөгөөд сумын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандартыг хэлэлцэнэ. Түүнчлэн Сумын эмнэлгийн тусламж, үйлчилгээний багцыг тодорхойлж, Сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд нутгийн захиргааны байгууллагын оролцоог сайжруулахад чиглэгдэж байгаа аж. Зөвлөгөөн маргааш хүртэл үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ