З.Мягмаржав:Хятад гэлтгүй европ хүнс ч хавдар үүсгэдэг

"Кола"-д норгосон даавуугаар төмөр орооход хайлдаг юм. Тэгэхээр дотор эрхтэн яаж тэсэх вэ дээ хэмээн ярих эрхмийг ХӨСҮТ-ийн эмч З.Мягмаржав гэх. Түүнтэй сонирхолтой яриа өрнүүлснээ уншигчидтайгаа хуваалцъя.

-Хорт хавдар ихэслээ, залуужлаа л гэх юм. Баримт байна уу?

-Байхаар барах уу. ХСҮТ-ийн захын тасгаар ороод харахгүй юу. Пиг дүүрэн шүү дээ. Нярай хүүхдээс авахуулаад өсвөр үе, залуус, дунд насныхан гээд л өгсөнө дөө. Наяад оноос өмнө тавиас дээш насныхны эмгэгт тооцогддог байлаа.

-Ямар хавдар зонхилоод байна. Юунаас болдог юм бэ?

-Хоол боловсруулах эрхтний, тэр дундаа элэгний хавдар голлож байна. Уламжлалт ойлголтоор үндсэн шалтгааныг нь архи, тамхи гэдэг. Нөлөө бий нь мэдээж. Тав, аравтай хүүхдийг чи архи, тамхи хэрэглэснээс ийм өвчинд өртжээ гэх болж байна уу? Генийн юм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л бүхнийг архи, тамхи руу чихэж болохгүй.

-Тэгэхээр буруутныг хаанаас хайх вэ?

-Хүнс л байхгүй юу. Хятад хүнс хэрэглэснээс үүдэлтэй хавдрын мөчлөг яг одоо тохиож байгаа нь үнэн. Архи, тамхи, вирус зэрэг үүсгэгчтэй хавдрын мөчлөг 10-15, түүнээс дээш жил байдаг нь хөдөлшгүй тогтоогдсон зүйл юм. Хүнс ч мөн адил. Бид хятад хүнсэнд шилжээд хорь гаруй жил болж байна. Дотор эрхтний хавдар ихсээд хэдэн жил болов. Одоо ч оргил үедээ дөхөж яваа биз.

-Чухам ямар хүнснээс нь болоод байна вэ?

-Баталгаагүй бүх хүнснээс нь. Гэхдээ онцлох юм байлгүй яахав. Бүх төрлийн бэлэн гоймон, чихэр, жимс, чипс, мандарин, апельсин, болсон болоогүй халуун хийгээд хүнсний ногоо байна даа. Тэрбум гаруй хүнээ тэжээхийн тулд хүнснийхээ чанарт биш, хэлбэр, хэмжээнд анхаардаг юм билээ. Хий цатгалдуулахын тулд том, хөөмөл ногоо байх ёстой. Химийн бордоо, цацрагаар өсгөх нь мэдээж шүү дээ. Тэр нь тэр чигтээ канцероген/хавдар үүсгэгч/ болдог. Манайхан түүнийг нь авч иддэг. Нөхцөл бүрдэж байгаа биз. Хүн хоёр янзаар цаддаг юм. Мэдрэхүйн болоод хэмжээний гэж. Амталж, үнэрлэж, барьж, харж идвэл ямар сайхан. Таван мэдрэхүй цадаж байгаа хэрэг. Ямарч үнэр, амтгүй зүйлээр гэдсээ дүүргэхийг хэмжээний буюу хий цатгалдах гэдэг. Хятадын газар нутгийн хөрсний үржил шим аль өнгөрсөн зуунд үгүй болсон гэдэг. Үнэн л дээ. Хөрсийг бий болгох арга байхгүй. Ургамлыг нь л өсгөнө дөө. Манайх импортын хүнснийхээ 70-аас дээш хувийг гаднаас, бараг цөмийг нь Хятадаас авдаг. Олон улсын жишгээр бол үндэсний аюулгүй байдал алдагдчихаад байна. Залруулах гэж зүдэрнэ дээ. Ялангуяа ногоо хомсдох энэ үеэр шинэ ургацын ногоо ирдэг нь сэжигтэй. Ямар юмных нь шинэ ургацын байхав. Шинэ өвчний үүр л ирж байна. Ногоо бүхэн нь нэг, нэг өвчний нян юм уу, бусад хор агуулж байгаа нь ойлгомжтой. Манай хүүхдүүд бэлэн гоймон идээд кока кола уучихдаг. Үүнийг харахаар ёстой өмнөөс нь гол харалдаг юм.

-Хятад ногооноос татгалзчихвал болох нь тэр байх нь ээ?

-Үндсэн болоод гол урьдчилан сэргийлэлт мөн. Хятад хүнс хавдрын гол шалтгаан хэдий ч, бусдыг цайруулж бас болохгүй. Европын зарим бүтээгдэхүүн, кока кола, пепси зэрэг хийжүүлсэн ундаа, элдэв төрлийн чихэр, шоколад, хиймэл хүнс ч аюултай. Адилхан л хавдар үүсгэнэ. "Кола"-гаар норгосон даавуугаар төмөр ороогоод үз дээ. Хайлдаг юм ш дээ. Ганц, хоёр хонуулахад энгийн нүдэнд харагдахгүй ч хайлах процесс явагддагийг судалгаагаар тогтоочихсон шүү дээ. Тэгэхээр ходоод, гэдэс яаж тэсэх билээ. Улс бүр өөрийн нутаг ус, цаг агаар, бие махбоддоо тохирсон үндэсний хоол, хүнстэй ш дээ. Түүгээ л идэхгүй юу. Манайд мах голлох ч, хүнсний янз бүрийн ногоо бий дээ. Солонгос хүн насаараа кимчитэй хоол идэхэд яах ч үгүй. Монгол хүн түүнийг нь гурван жил амсахад ходоодны шархтай л болно. Жишиг нь тэр.

-Асуулгүй орхисон зүйл байвал, нэмээд хэлчихвэл сайн байна?

-Баталгаагүй хүнсний аюул зөвхөн хавдраар тогтохгүй. Төрөлхийн гажигтай хүүхэд олноороо төрөх боллоо. Дауны буюу хромосомын эмгэг байна. Олон шалтгаантай ч хүнс мөн л зохих үүрэгтэй. Эрүүл байя гэвэл эрүүл хүнс хэрэглэхийг бод гэе дээ. Бусдыг бодлого боловсруулагчид шийдэх биз.

Г.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ