Тавь гаруй иргэнээ усанд алдсан гэнэ үү?

Ядаж тэнгэр дуугарч харганын шар цэцэг дэлгэрсэн үед урсгал усанд орж алжаалаа тайлж эхэлдэг байсан Монголчууд маань одоо хавар боловуу үгүй юу , гол болгоны эрэг дээр уртын урт авто зогсоол бий болгон хир буртаг тос масло угаах аж.Төмөр хүлэг төрсөн бие хоертойгоо хамт уснаа зугаацах манайхны хувьд нэг нэгнээсээ дөлөн хүн цөөтэй голын эрэг бараадах гэж хэрэн тэнүүчлэх болж. Зөвхөн нийслэл төдийгүй хөдөө орон нутагт ч иймэрхүү дүр зураг хаа сайгүй. Байгаль эхээ хайрлах тухай энэ мэтээс эхэлж өгүүлж болох ч одоо зөвхөн өөрсдийнхөө утсан улаан амиа хамгаалах тухай ярихаас өөр аргагүйд хүрлээ.
Гантай зуны ус ааштай гэдэг. Энэ жил олон гол мөрнүүд үерлэж эргээ халин дэвэрч байгаа тухай ус цаг уур ,онцгой байдлынхан чадах ядахаараа анхааруулсаар байвч гол усанд амиа алдагсдын тоо нэмэгдсээр л. Он гарсаар өдийг хүртэл усны ослын золгүй тохиолдол 12 аймгийн 28 сум, нийслэлийн гурван дүүрэгт бүртгэгдэж, нийт 50 гаруй хүн амиа алдсан харамсалтай тоо бидэнд байна. Амиа алдагсдын 10 гаруй нь хүүхэд байсан гээд бодохоор зүрх халширмаар.
Ямар нэгэн хөлөг онгоц сүйрсэн мэт энэ аймшигтай тооны цаана манайхны хариуцлагагүй хэнэггүй байдлын өр төлөөс явж байна. Бас урсгал усанд ам гардаг.Гол усаа таньдаг ч юм шиг таньдаггүй ч юм шиг тэнэж яваагийн хар гай. Золгүй байдлаар амь насаа алдаж байгаа ихэнх тохиолдлуудын шалтгаан нь амралт зугаалгаар явж байгаа иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орсноос болсон гэдгийг албаныхан хэлж байна. Иймд голын сав болон голын эрэг дагуу суурьшиж зусч буй, аялал зугаалгаар явж буй иргэдийг үер усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүйгээр гол руу явуулахгүй байх, голын эрэг орчмын газарт тоглуулахгүй байх, баталгаат зам гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй байх, голд сэлэхгүй байх, цаашлаад амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг сэрэмжүүлсээр л байна.
Бид өмнө нь хөдөө орон нутгийн замд авто машины ослоор иргэдийн амь нас хохирч байгаа тухай хөндсөн. Үнэндээ гол усанд хэдэн арваараа,авто ослоор хэдэн арваараа, галд, архинд гээд яриад байвал хэцүү л дээ. Төр гэдэг бурхан биш.Тэнэж эрхэлж яваад гол усанд амиа алдагсдыг тэр бүр аврах нь бүү хэл, тэнд аюултай орчинд амьдраад байгаа айл өрхөө нүүлгэж чадахгүй л баина. Нийслэлд гэхэд үерийн аман дээр буусан айлуудын тоо 2000 хол давсан тухай статистик бий.Хэлж анхааруулах нь бүү хэл, удаа дараа шаардаж албадсаар байхад нүүж өгдөггүй, өрхөө бүтээгээд үүдээ цоожлоод суучихдаг хүмүүсийн тухай албаны хүн аргаа барсан шинжтэй өгүүлж байсан. Алга дарам газар амь зууж байгаа иргэдээс эхлээд үерийн амыг тэр чигээр нь эзэмших хүсэлтэй эрх мэдэлтэн ч маргааш тэнгэр ниргэхийг ойлгож өгдөггүй нь зөрүүд. Үүл гарч бороо орохын цагт үүдэн хоймор ялгаа юу байхав гэдэгсэн…
Т.Цахилгаан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ