Угсраа автобус ирэх сараас үйлчилгээнд гарна

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн А/514 дугаар “Парк шинэчлэлт хийх тухай” захирамжийн дагуу Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр МАЗ маркийн 215067 загварын20 ширхэг угсраа /нэг бүрийн үнэ 399 500 000 төгрөг/ автобус худалдан авах гэрээгбайгуулан амжилттай хэрэгжүүллээ. БНБелУ-ын “Минскийн автомашины үйлдвэр” НХК-ийн уг автобус нь 18,7м урттай, 2,55м өргөнтэй, нам шалтай, 38 суудалтай, нийт 160 зорчигчийн багтаамжтай, экологийн Евро-3 стандартын шаардлага хангасан, Мерседес Бенц хөдөлгүүртэй юм. Эдгээр автобуснууд Монгол орны цаг агаарын нөхцөл байдалд тохирсон, хүйтний улиралд цантахгүй шил цонхтой, хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой тусгай тоноглол буюу замтайгаараа онцлог. Угсраа автобусны албан ёсны дилерээр “МБ инжиниринг” ХХК ажиллаж байна.
Урт автобусыг наймдугаар сарын 15-наас нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар болсонтой холбогдуулан зарим зам, тойргийг янзлах шаардлагатай болсон. Урт автобусыг Энхтайваны өргөн чөлөөгөөр буюу Таван шараас Офицеруудын ордон хүртэл явуулах тул зам дагуух 40 байршлыг засч дуусчээ.
Манай улсаас гадна ОХУ, Герман, Латви болон Литва улсад үйлчилгээнд энэхүү тээврийн хэрэгслийг ашигладаг юм байна.


Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ