Хорлоогийн Баянмөнх хэмээх хосгүй аваргын тухай

Mонгол улсын даяар дуурсагдах, далай даян, дархан аварга Хорлоогийн Баянмөнх хорьдугаар зууны хоёрдугаар хагаст буюу 1960 оноос наадмын ногоон дэвжээнд амжилттай барилдан наадамч олноо баясгаж эхэлжээ. Монгол бөхийн жинхэнэ од, зууны манлай бөх даяар дуурсагдах, далай даян, дархан аварга Хорлоогийн Баянмөнх 1944 оны модон мичин жил Увс аймгийн Хяргас сумын нутаг Хан хөхий нурууны салбар Хийвийн голд малчин ард Довчингийн отгон хүү болон мэндэлжээ.
Х.Баянмөнхийг 10 настай байхад нь эцэг Довчин нь насан өөд болж тэрээр амьдралын хатуу хүтүүд нухлагдан хар ажил хийж борогшин тэнхээ суужээ. 12 наснаасаа сумын наадмын бөхийн аманд гарч, 16 насандаа сумындаа түрүүлж сумын заан цол хүртжээ. Сумын заан 17 настай хөвүүн 1961 онд Нийслэл хотод багшийн их сургуульд элсэхээр зорин ирсэн нь түүний хувьд улсын цолтой, алдартай бөхчүүдтэй гар зөрүүлж үзэх,өөрийгөө сорих боломж нээгдсэн байна.
1961 оны намар спортын төв ордонд болсон бөхийн барилдаанд анх зодоглож өмсдөг хэмээх улсын заан Ц.Дамдиндоржийн аманд гарж барилдаж эхэлснээс хойш том жижиг 1800 орчим барилдаанд хүчээ үзэж 80 гаруй хувьд түрүүлж үзүүрлэжээ. Х.Баянмөнх 1960 оны сумын заан, 1962 онд Ховд хотын 200 жилийн ойгоор аймгийн начин, 1963 онд улсын начин, МБАТний II спартакиадаас улсын заан цол хүртэж баяр наадмаар түрүүлж, үзүүрлэсэн хамгийн ахмад настай бөхд тооцогддог. .
Тэрбээр ардын хувьсгалын 66 жилийн ойн баяр наадамд 44 настайдаа түрүүлж, МНТ-ны 750 жилийн ойн даншиг наадамд 47 настайдаа үзүүрлэж үнэнхүү ясны бөх болохоо харуулжээ. Х.Баянмөнх 10 түрүүлж 26 шөвгөрсөн төдийгүй, бөхийн 5 төрлөөр хичээллэж дэлхийн данстай тамирчин болохоо баталсан.
Чөлөөт бөхөөр олимпоос мөнгөн медаль, дэлхийн аваргаас 1 алт, 2 мөнгөн медаль, самбо бөхийн төрлөөр дэлхийн аварга болж гайхалтай амжилт гаргажээ. Биеийн тамирын "Шонхор" дээд сургууль байгуулж, бөхийн барилдааны талаар олон бүтээл туурьвиж эрдмийн зэрэг хамгаалсан багш, дасгалжуулагч, эрдэмтэн.
Х.Баянмөнх Монгол улсын хөдөлмөрийн баатар,Монгол улс, Зөвлөлт холбоот улсын (хуучин нэрээр) спортын гавъяат тамирчин, хорьдугаар зууны манлай бөх алдар цуутай аварга билээ.. Х.Баянмөнх 1963 оны наадмаар тавын даваанд улсын арслан Г.Цоодолд амлуулснаас хойш 43 жилийн турш хэнд ч амлуулж байгаагаагүй бөх юм.

-Нутгийн олноо нулимс дуслуулсан Х.Баянмөнх аваргын үгс-
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхийн хөшөөт цогцолборын нээлт өчигдөр болсон. Нээлтийн үеэр дархан аваргын хэлсэн үгс нутгийн олноо нулимс дуслуулсан юм. Түүний хэлсэн үгийг www.news.mn-д буулгаснаар хүргэе.

XX ЗУУНЫ МАНЛАЙ АВАРГА ХОРЛООГИЙН БАЯНМӨНХ:
-Бид өнөөдөр баярлаж цэнгэхийн зэрэгцээ эргэн харах нэг чухал зүйл байдаг нь өвөг дээдэс. Бид ямар замаар явж энэ нутагт ирсэн юм бэ. Ямар зорилготой явж ирсэн хэн, хэний үр сад вэ гэдгээ эрхбиш эргүүлж бодох цаг болсон. Бидний өвөг дээдэс олон зуун жил газар нутаг сэлгэн нүүж, өвс ургамал сайтай усны тунгалаг нь хаана байна тэр газар оршин тогтнож хойч үеэ өнө удаан жил амьдрах бололцоо байна уу, үгүй юу гэдгийг агуу их ухаанаараа тунгааж асар их зовлон туулж ирсэн.
1557 онд Алтайг давж энэ нутагт нүүдэллэн орж ирж, энэ сайхан бурхны хишигтэй оронд та биднийг жаргуулсаар ирсэн. Хархираа, Ханхөхий гэдэг хоёр сайхан уулс аав, ах шиг минь түшиж байдаг. Увс, Хяргас гэсэн хоёр сайхан нуур ээж, эгч шиг минь ариун хайраар бүүвэйлж байдаг.
Сэтгэлийнхээ өнгөөр амьдардаг хорвоо. Сэтгэл сайтай л яваарай. Бусдын сайн сайханд баярладаг бай. Хувь заяаны шанага чинь том болно... Х.БАЯНМӨНХ
Бид бахархах бахархалтай хүмүүс. Бахархалгүй хүн зорилгогүй байдаг. Миний нутгийн шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэж бурханч лам хүнхэлсэн байдаг. Та бидний яс мах, цус шингэсэн хүмүүс бол Галданбошигт хаан, Ану хатан... Утсан улаан амиа дэнсэнд тавьж хэний ч өмнө ямар ч үнэ цэнэгүйгээр сэлмэнд тас цавчуулсан ч өнөөдөр тэдний хэлсэн үг, хийсэн үйлс нь Монголын ард түмний сэтгэлд үүрд мөнх үлдсэн. 44 жил Монголын төрийг удирдаж олон хүүхэдтэй ядуу айлын эцэг шиг байсан. Бөөстэй монголчуудыг дэлхий дахинаа сансарт нисгэх хүртэл тэр хүн оюунаа чилээж, чөмгөө дундалсан. Тархи толгойныхоо мэдрэлийн судсыг тасартал суусан хүнээр бид бахархахгүй байх үндэс байхгүй.
Би түрүүгээ авчихаад Ж.Батмөнх даргатай очиж гар барьсны дараа хүмүүс “Та хоёр юу ярьсан бэ” гэж их асуудаг байсан. Хэдэн настай вэ л гэж асуудаг байсан. Дахиад түрүүлэх үү, нас байна уу л гэж байгаа нь тэр. Буурал даргаас хойш гурван удаа түрүүлж, Монгол бөхийн түрүүг аравт хүргэсэн. Тэр өвгөн амьд байсан бол ямар сайхан баярлах байсан бол гэж бодохоос нүдний нулимс гардаг юм.
Сайхан хүний нөмөр нөөлгийг мэдэгддэг ч би уулзаж, юм гуйж үзээгүй. Хоёр удаа дуудахад нь очиж чадаагүй. Нэг нь дэлхийн тэмцээнд явах гээд, нөгөөх нь улсын наадамд маргааш нь барилдах байсан болохоор тэр. Гэхдээ би энэ хүний нөмөр нөөлөг, сайхан ухаан, мах цус нэгтэй хүний хувьд халуун амьсгалаар нь амьдарч ирсэн.
Жамбын Батмөнх гэж ямар гавьяатай хүн гэдгийг бид бүхэн мэднэ. 1990 оны хавар хатуу хавсаргатай өдөр Монгол оронд ардчилал, хүний эрхийг дээдэлсэн шинэ нийгмийг байгуулахын төлөө таван залуу хатуу цементэн дээр сууж, утсан улаан амиа золиосонд хаясан. Тэгэхэд Ж.Батмөнх “Ардын хүүхдүүдэд хүч хэрэглэхгүй ээ. Дусал цус гаргах эрх бидэнд байхгүй” гээд албан тушаал, эрх мэдэл, өндөр сэнтийгээсээ өөрөө буусан хүн. Ийм хүн дэлхийн удирдагчдын дунд гараагүй юм шүү. Тэр таван хүүхдийн дунд байсан хүний нэг нь Д.Дорлигжав.
Хүн болгонд хувь заяаны шанага гэж байдаг. Хэн ч хэмжүүрийг нь тогтоогоогүй. Ямар хүн хувь заяаны шанага томтой байдаг вэ гэвэл сэтгэл ариун, үнэнч шударга, үйлс нь үргэлж мөнхөд гэгээрч байдаг холын хараатай хүнийх. Намайг баатар энэ тэр, сайхан хүн л гэдэг. Гэхдээ би үүнд шулуун дардан замаар хүрээгүй.
Зовлонгоо тоочоод яахав. Товчхон хэлэхэд, би арьсандаа өнгөн шархтай, сэтгэл зүрхэндээ цустайгаар 74 насыг насалж яваа хүн. Би багагүй зовлон туулсан. Нэг л зүйлийг хэлмээр байна. Хүнд хамгийн гол нь ариун сайхан сэтгэл байх хэрэгтэй юм шүү.
Сэтгэлийнхээ өнгөөр амьдардаг хорвоо. Тиймээс сэтгэл сайтай л яваарай. Бусдын сайн сайханд баярладаг бай. Хувь заяаны шанага чинь том болно шүү хэмээн тэрээр өчигдөрхөн өгүүлсэн юм. Хорьдугаар зууны манлай аварга Хорлоогийн Баянмөнх аваргадаа нийт Монголчуудынхаа өмнөөс эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Д.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ