Франц хэлтэй дэлхийн залуучууд чуулж байна

Дэлхийн өнцөг булан бүрээс франц хэлтэй залуучууд хуран чуулж Франц орноор аялж байна. Уг арга хэмжээнд манай улсаас долоон залуус сонгон шалгаруулалтаар тэнцэж, Монголоо төлөөлөн оролцож байгаа бөгөөд бүх зардлыг тухайн улсаас даадаг аж. Гэхдээ нэг улсаас төчнөөн хүн гэсэн квот байдаггүй гэнэ.

Энэ жилийн хувьд нийт 180 орны залуучууд цугласан ба тэднийг дөрвөн бүлэгт хуваан бүх хотуудтай танилцуулах аялалыг зохион байгуулж байгаа юм байна. Тухайлбал, CIFA нэртэй бүлэгт 28 үндэстний 34 хүүхэд багтжээ. Тэд 3 долоо хоног хамт байсан бол энэ долоо хоногийг тус тусдаа франц айлуудад өнгөрөөх гэнэ. Мөн улс бүрээс хүрэлцэн ирсэн төлөөлөгчид өөрсдийн орноо сурталчлах боломжийг бүрдүүлж өгчээ. Тухайлбал, манай улсаас уригдсан Б.Мишээл нь Монгол улсынхаа тухай илтгэл тавьж, үндэсний хувцастайгаа урлаг соёлын үзүүлбэр үзүүлсэн бол, манайхан хамтдаа монгол хоолны өдөрлөгөөр хуушуур, салатаар бусад орны зочдыг дайлж, А.Санчир монгол дуугаа дуулж сонирхуулах зэргээр эх орноо сурталчилсан байна.

Энэхүү үйл ажиллагааны зорилго нь Франц улсыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал хэмээн тайлбарлаж байгаа юм.

Дэлхийн залуучуудын чуулга уулзалт зургаадугаар сарын 27-ны өдрөөс энэ сарын 31-ний өдөр үргэлжлэх юм. Тэд сүүлчийн өдрүүдийг франц айлд өнгөрүүлэх бөгөөд Парис хотноо хаалтын ажиллагаагаа хийснээр уг үйл ажиллагаа өндөрлөх юм.

Манай улс ч мөн энэ мэтчилэн зохион байгуулалттай арга хэмжээг өрнүүлж дэлхийн улсуудад өөрийн орноо сурталчлан танилцуулах ажлыг эхлүүлэх нь аялал жуулчлалыг хөгжүүлэх бас нэгэн томоохон гарц болж болох юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ