Элгээ нэг үзүүлчихүү эмчээ?


Монголчууд бүх л нарийн нандин зүйлээ элгээрээ төлөөлүүлж элэгтэйгээ холбож ярьдаг ард түмэн. Элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орноо ямар олон хүмүүс элэгний хавдраар орхисон болдоо . Одоо ч Монголд зөвхөн элэгний С вирустээ хагас сая шахам хүн байгаа гэсэн тоо байдаг. Бусад вирусыг оруулж хэлбэл илүү олон хүн элэгний өвчний вирус тээж яваа гэсэн үг л дээ. Дийлэнх олонхи нь хоногийн хоолны төлөө харайж яваа болохоор тэр бүр эрүүл мэнддээ анхаарах цаг зав мөнгө үгүй.Ялангуяа эрчүүдийн цөөнх нь л эмнэлэгт очих далимдаа их л болж “ элгээ нэг үзүүлчихүү эмчээ?” хэмээн хээв нэг асууж мэднэ. Эмчийн элгийг үзэх гээд ч байгаа юм шиг хэнэггүй өгүүлэх эрчүүдийн маань олонхи нь эрүүл мэнддээ бас л хэнэггүй ханддагийг мэдэх юм. Дэлхийн гепатитын эсрэг өдрийг тохиолдуулан “Элэгний төв” энэ сарын 28-нд буюу өнөөдөргепатитын В,С вирусийн үнэгүй шинжилгээ, оношлогоо хийж байгаа тухай сайн мэдээ байна. Мөн энэ үеэр халдварын эрт илрүүлэлт,вируст гепатитын эмчилгээний зөвлөгөөг ч үнэгүй өгөх аж. Хэдийгээр найр наадам амралтын үе ч боломжтой нэг ньочоод оочирлоод үзүүлчихэд гэмгүй л боловуу.
Бидний бор дарсанд шунамтгай,өөх тостой хоол их иддэг нь мэдээж нөлөөлдөг л байх. Бас соц нийгмийн үед шприцээ буцалгаад давтан хэрэглэчихдэг гэх мэт ядуу амьдралын харгайгаар элэгний өвчлөл тэр дундаа вирусийн халдвар ийнхүү үндэстний өвчин болжээ. Зөвхөн элэгний С вирусын 1000 хүнд ногдох өвчлөлөөр Монгол Улс Африкийн ганц орны өмнө, дэлхийд хойноосоо 2 дугаарт орж байгаа тухай танд хэлэх таагүй мэдээ байна.
Мэдээж сайн мэдээ олон байгаа. Хамгийн түрүүнд эмийн журмандаа өөрчлөлт оруулсан нь олзуурхууштай. Эмийн хатуу хяналттай Европын холбооны улс орнуудад өндөр технологиор сүүлийн үед хийгдсэн эмүүдийг манай хуучин журмаар бол 2-3 жил эндээ судалж байж бүртгэнэ гэж заасан байдаг. Гэтэл олон улсын жишиг, ДЭМБ-ын зөвлөмж зэрэгт хатуу хяналтан дор үйлдвэрлэгдсэн эмүүдийг шууд бүртгэдэг аргачлал бий. Энэ дагуу эмийн журамдаа өөрчлөлт оруулаад энгийн ба түргэвчилсэн гэсэн аргаар эмийг бүртгэх 2 заалт оруулж өгсөнөөр ямар эм, хэрхэн хөнгөлөлттэй үнээр хугацаа алдалгүй ирэх болсон тухай бид өмнө нь олонтаа мэдээлсэн.
Төр засаг маань энэ асуудалтай нэгэнт нүүр тулаад эхэлчихсэн болохоор иргэд маань одоо өөрсдийнхөө төлөө дор бүрдээ анхаарвал сайнсан.Саяхан болсон “Эрүүл элэг” үндэсний арга хэмжээний нээлтийн үеэр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ:
- Энэ их тархсан халдварт аюултай өвчинтэй тэмцэхийн тулд ганц яам, ганц хоёр мэргэшсэн эмнэлэг бус, улс үндэстнээрээ хамтран гар нийлж ажиллах хэрэгтэй хэмээсэн нь Монгол Улсын ерөнхийлөгчийн зүгээс ч онцгой анхаарч Монголчууд улс үндэстнээрээ хамтран аюулт өвчинтэй тэмцэж, ажиллаж эхэлсэнийг зарлаж байгаа хэрэг боловуу. Элэг нэгт Монголчуудад эрүүл мэнддээ анхаарах нь л чухал байна даа.
Х.Пүүжээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ