Сэрэмжлүүлэг: Бетон шон хугарч, хүний аминд хүрэх дөхлөө

Сошел орчин хөгжсөн өнөө үед иргэд хоорондоо хурдтайгаар мэдээлэл солилцдог боллоо. Тэгвэл хэдхэн цагийн өмнө нэгэн иргэнийн гэр бүлээс аймшигт явдал холуур өнгөрснийг бусадтайгаа хуваалжцээ.

Тэрээр доорх зургийг нийтэлж "Тэргэн унтах нялх дүүг шүргээд, гэрийн үүдэнд байх хоёр настай охиноос минь 40-50 см зайнд, гэрт хүмүүс, гэрээс 1м, пингээс 40 см, машинаас 10 см зайнд уналаа. Азтай, хувьтай гэхээс яах вэ дээ. Бурхан минь. Ёстой л нэг тэнгэр тэтгэж, аавынхаа бурханд, Алтан овоо, аав, ээждээ сүслэн залбирч явсны ач юм уу даа. Бусдаар хэлэх үг алга даа" хэмээжээ. Үнэхээр тэдэнд аз таарсан байна.

Гэвч энэ бетон шон ингэж хугарч унаад байвал иргэд мөнхий айдастай явах болж байна.

Бетон шон хугарч унасан энэ удаагийн хэрэг анхных биш юм. Өмнө нь "Алтжин бөмбөгөр"-ийн замын урд тавьсан автомашин дээр гэрлийн шон хугаран унаж байсан. Үүнээс гадна өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 13-нд УИД-ээс АСА цирк явах зам дагуу байрлуулсан гэрэлтүүлгийн бетон шон мөн л сууриараа мултарч унаж байлаа. Азаар өглөө эрт байсан учраас хүн болон иргэдийн эд хөрөнгө өртөөгүй юм.

Тухайн үед АСА циркийн хажууд болсон энэ асуудлыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Эдийн засгийн хөгжлийн яамны Гудамж төслийн захиалгаар “Велдедлайне Монголиа” ХХК хийж гүйцэтгэсэн уг ажлыг хүлээж авсан албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ хэмээж байсан. Харин гүйцэтгэгч “Велдедлайне Монголиа” ХХК-ийн зүгээс хүйтний улиралд хийсэн учир шонгийн суурийг хийхгүйгээр шонг байрлуулсан хэмээн хариуцлагагүй үйлдлээ тайлбарлаж байлаа.

Ямартай ч аливаа тохижилт үйлчилгээний ажлыг тендерээр авдаг нь тодорхой. Харин энэ удаагийн хэргийн эзэн хаанахын ямар компани гэдгийг бид удахгүй мэдээлэх болно.

Өнөөдөр тохиолдсон явдал маргааш танд тохиолдохгүй гэсэн баталгаа алга

Өнгөрсөн оны 04-р сарын 13-нд АСА цирк орчим болсон явдал

Д.Үржин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ