Ууган хүүхдийг төрөх үед эцэг эх нь гол төлөв залуу байдаг

Ууган хүүхдийн зан төлөв:

Удаах хүүхэд гарах хүртэл ууган хүүхэд эцэг эхийн онцгой хайр халамжинд өсдөг бөгөөд тухайн гэр бүл дэх зарчим, дэг жаяг, уламжлал зэргийг бусад хүүхэдтэй харьцуулбал илүүтэй ихээр өвлөн авдаг. Харин удаах хүүхэд гарснаар эцэг эхийн зүгээс тавьж байсан анхаарал халамж сулардаг учраас ууган хүүхэд насан туршид энэхүү алдагдсан байр сууриа эргүүлэн авахыг оролддог, манлайлагч хэвээр байхыг эрмэлздэг ажээ. Тийм учраас эрх мэдэлд тэмүүлэх хэрэгцээ өндөртэй хүмүүс болдог.

Ууган хүүхдийг төрөх үед эцэг эх нь гол төлөв залуу байдаг учраас залуу насны эрч хүч, сэтгэл хөөрлийн шинж ууган хүүхдэд мөн хадгалагдан үлддэгийн зэрэгцээ оюун ухааны чадварын хувьд харьцангуй өндөр байдаг байна.

Ууган хүүхдээс төрсөн лидерүүд: Т.Жеффорсон, Х.Трумен, Ж.Картер, У.Черчиль болон Монголоос Д.Сүхбаатар, Ю.Цэдэнбал, П.Очирбат, Н.Энхбаяр, Б.Эрдэнэбат, Р.Амаржаргал

Дунд хүүхдийн зан төлөв:

Хоёр дахь, гурав дахь хүүхдээс эхлэн эцэг эхийн хүүхэддээ тавих анхаарал сулардаг учраас дунд хүүхдүүд харьцангуй эрт биеэ даах чадвартай болохын хамт хүмүүжил, зан төлөвт нь эцэг эхээс илүү ах эгчийн нөлөө хүчтэй байдаг байна. Улмаар дүүтэй болж дээшээ доошоо нэгэн зэрэг ах дүүгийн харилцаанд орох болдог тул харилцааны ур чадвар илүү төлөвшиж сайн хэлэлцээр хийгч болдог байна.

Дунд хүүхдээс төрсөн лидер: Ж.Вашингтон, Д.Эйзенхауэр, Р.Никсон, Ж.Буш, Монголоос М.Энхсайхан, Б.Жаргалсайхан

Отгон хүүхдийн зан төлөв:

Гэр бүлдээ хамгийн бага нь байдаг тул дунд хүүхэдтэй харьцуулахад эцэг эх болон ах эгч гэх мэт гэр бүлийн бүх гишүүдийн хайр анхаарал дунд өсч хүмүүжнэ. Мөн хүмүүжилд нь ах эгчийн нөлөө хүчтэй байдаг. Учир нь эцэг эх нь ууган хүүхэддээ тавьсан шиг эрчимтэй хүмүүжил өндөр шаардлага тавьдаггүй бөгөөд эцэг эхийг ах эгч орлох маягтай болдог байна. Эцэг эхийн анхаарал багатай учраас оюун ухааны чадварын хувьд ууган хүүхдээс доогуур байх магадлалтай. Отгон хүүхдүүд эрсдэл ихтэй спорт, хоббигоор хөөцөлдөх дуртай. Учир нь ахмад гишүүдийн дарамтыг эсэргүүцэн сөрж өөрийгөө олон зүйл дээр нээн харуулахыг оролддог байна.

Отгон хүүхдээс төрсөн алдартнууд: М.Тетчер, Ж.Мейжор, М.Ганди, Монголоос Н.Багабанди, Ц.Элбэгдорж, С.Оюун

Ганц хүүхдийн зан төлөв

Айлын ганц хүүхдэд ах эгч гэх мэт гэр бүлийн бусад гишүүдийн зүгээс ирэх нөлөөлөл байхгүй учраас эцэг эхтэйгээ адилсаж эрт хэрсүүждэг байна. Мөн олон хүүхэдтэй айлын хүүхэдтэй харьцуулбал эмх журам их сахидаг, үүрэгт ажилдаа тавих хувийн хариуцлага өндөр, цаг ашиглалт сайтай, тооцоотой хүмүүс болж төлөвшинө.

Айлын ганц хүүхдүүдээс төрсөн алдартнууд: И.Ганди, Жоу Эн-Лай, Монголоос Х.Чойбалсан, П.Гэндэн, Д.Бодоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ