Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг шаардсан, нөлөөлсөн иргэнд хариуцлага тооцно

УИХ-ын хаврын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэхүү хуулийг баталснаар замын хөдөлгөөний аюулгүй байдал болон замын хөдөлгөөний дүрэмд томоохон өөрчлөлтүүд орсон юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Дээрх хууль ирэх 9 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийн онцлог юу вэ?

- Өмнө нь зургаан удаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж байсан ч шинэчилсэн найруулга хийгдэж байгаагүй. Энэ удаа хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт Замын цагдаагийн байгууллага, Зам тээврийн яам, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл хариуцсан байгууллага, олон нийтийн байгууллагын төлөөлөл олон нийтийн байгууллагууд оролцсон. Хуулинд шинэчилсэн найруулга хийснээр одоо мөрдөгдөж байгаа хуулинд иж бүрэн өөрчлөлтийг хийсэн гэж ойлгож болно.

Монгол Улс 6000 тээврийн хэрэгсэлтэй, хоёр сая хүрэхгүй хүн амтай байх үед боловсруулж, баталж байсан хууль одоог хүртэл үйлчилсээр байна. Гэтэл өнөөдөр автомашины тоо 100 дахин нэмэгдэж 700 мянга орчим тээврийн хэрэгсэлтэй болсон. Дөрвөн хүн тутамд нэг машин ногдож байна. Гурван хүний нэг нь жолооч болчихсон ийм цаг үед Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийг бүхлээр нь өөрчлөхөөс өөр аргагүйд хүргэж байгаа юм.

- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг багагүй чангатгажээ?

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /384 мянган төгрөг/ торгууль оногдуулж, жолоодох эрхийг зургаан сараар хасна. Харин тухайн жолооч согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодсон зөрчлөө давтан гаргавал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг /768 мянга/-өөр торгож, гурван жил хүртэлх хугацаагаар жолоодох эрхийг хасна. Шаардлагатай гэж үзвэл баривчилж захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Жолоочийг өмнө нь ямар зөрчил гаргаж байсан талаар тусгай мэдээллийн санд байрлуулаад тус сангаас тухай бүрт шүүж, хариуцлага оногдуулахаар заасан байгаа.

- Осол гаргахад одоо жолооч эсвэл явган зорчигчийн аль нэг нь буруутаж буй. Харин ирэх есдүгээр сараас хууль хэрэгжиж эхэлснээр замын компани тэр байтугай замыг арчилж байгаа хүн захиргааны хариуцлага хүлээх болж байгаа гэсэн.

- Замын хөдөлгөөнд оролцож байгаа бүхий л субъектууд харицлага хүлээдэг болох юм. Тухайлбал, замыг барьж байгуулахдаа буруу зураг төсөл хийсэн бол тэр байгууллага, замыг барихдаа стандарын дагуу тавиагүй бол замын компани, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, арчилгааг зохих журмын дагуу хийгээгүйгээс осол гаргасан бол тухайн аж ахуй нэгж, хувь хүн захиргааны хариуцлага хүлээх юм.
Мөн бүрэн бус тээврийн хэрэгслийг буруу оношилж хөдөлгөөнд оролцуулсан оношлогооны байгууллага, хариуцлагагүй жолоочийг бэлтгэсэн жолооны курс хүртэл хариуцлага хүлээнэ.

-Жолоочийн эрх олгох шалгуурт өөрчлөлт орсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Жолоочийн эрх олгох шалгалтыг зөвхөн замын цагдаагийн газар эсвэл нэг талын төрийн байгууллага авч байгаа. Одоо мөрдөх хуулиар Замын цагдаагийн газар, Хууль зүйн яам, Зам тээврийн яам, Боловсрол шинжлэх ухааны яамны төлөөлөл болон бусад энэ чиглэлийн олон нийтийн байгууллага оролцсон мэргэжлийн комисс шалгалтыг авч байх юм.

-Жолооны курст суралцахдаа дүрмийн хичээлийг бие даан суралцаж болохоор зохицуулсан гэсэн. Үнэн үү?

-Тийм ээ, болно. Онолын хичээлийг бие даан үзэж болох юм. Харин жолоодлогын хичээлийг заавал дромм дээр гарч, багшаар заалгах хэрэгтэй.

- Танд энэ хуулийн талаар миний асуугаагүй зүйл байвал нэмж хэлэхгүй юу?

Манайхны жолооны ард ихэвчлэн гаргадаг хамгаалах бүс хэрэглэхгүй байх, гар утсаар ярих зэрэг зөрчлүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар болсон байгаа.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдээс гадна, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг шаардсан, нөлөөлсөн иргэнд хариуцлага тооцох болсныг иргэд маань анхаарах хэрэгтэй.

Эцэст нь товч дүгнэж хэлэхэд энэ хууль зөвхөн жолооч, замын цагдаа бус явган зорчигч, зам тавьсан, арчлах аж ахуйн нэгж, сургалтын болон оношлогооны байгууллага гээд замын хөдөлгөөний аюулгүй байдалд оролцогч бүх этгээдийг хариуцлагажуулсан хууль боллоо гэж хэлмээр байна.

Ярилцсан М.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ