Картанд буруу байхгүй

Тамын тогооны үлгэрээс бид салах цаг болсон. Зарим хүн юм бүхэнд шүүмжлэлтэй хандах гэж туйлширдаг. Үзэл бодлоо илэрхийлэх гэсэн нэрийдлээр цахим хуудсаар өөдлөх санал санаачлагыг уруу нь чангаах нь элбэг. Аливаа зүйлийн сайнаас түрүүлж мууг нь хардаг, өөлдөг их эвгүй зуршил манайханд бий болсон.

Нийтийн тээврээр зорчих картыг шүүмжлэх хэсэг бүлэг хүмүүс байхад сайшаах ч цөөнгүй хүн байна. Энд элдэв шалтаг, бэрхээл тоочилгүй өөдрөг өнцгөөс харахыг хүслээ.

Бид дасан зохицох чадвар сайтай хүмүүс. Тиймдээ ч сүүлийн үед автомашины дугаар хязгаарлалтаас эхлээд алхам алхамаар ч болов хот зохион байгуулалтад орж эхэлж байна. Харин ч нэг үеэ бодвол хүмүүс үүний үр дүнг нь мэдэрч сайшаах болсон. Тэгвэл үүнтэй адил цахим карт ч мөн эхэн үедээ нэлээд шүүмжлэл хүлээж байгаа ч тун удахгүй хэвшил болох нь тодорхой.

Бид яагаад бусад улсын жишгээр хөнгөн, стресс багатай амьдарч болохгүй гэж. Нэг л удаа картаа худалдаж авна. Харин ч бэлэн мөнгө биедээ авч явахгүй учир аливаа эрсдлээс ч сэргийлэх боломжтой. Түүнчлэн эко талаас нь харвал хог хаягдал багасч, тасалбар хэвлэх зардлыг хэмнэнэ. Өөр олон ч сайн талуудыг дурьдаж болно.

Нэгэн цагт мөн л тасалбар авч, цоолтууранд цоолоод явдаг байсан. Тэгэхэд хүн бүр ухамсартайгаар үүргээ биелүүлээд явдаг байлаа. Тэр үед хэн ч юу ч гэж буруушааж байгаагүй. Тиймээс аливааг шүүмжилж, гоочлохоосоо илүү ашигтай, эерэг талыг харж сурах нь чухал.

Бас нэг сайн талыг нь харъя л даа. Бид нийтийн тээврийн хойд хаалгаар чихэлдэн зүтгүүлэн байжсууж, буудаг байсан. Тэгвэл одоо илүү дэг журамтай болсон нь илт харагдаж байна. Мөн хүн бүхэн адлаад байдаг кондуктор гэж хүнгүй болж байгаа.

Кондукторыг хүн бүр л ааштай гэж хэлэлцдэг. Гэтэл одоо тэднийг санагалзсандаа тэр үү, ямартай ч шинэ дэвшлийг гоочлох хэсэг хүмүүс байна. Кондукторууд ажилгүй боллоо гэх асуудал бий болох ч манай улсад маш олон ажлын байрны орон тоо бий. Гагцхүү ажлыг хүн голдогт манайхны өөрсдийнх нь дутагдал оршиж байгаа юм.

Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд, гадаадын улс оронд очвол та бид нийтийн тээврээр зорчихдоо үг дуугүй карт ашиглаад л явах болно. Уг нь бол карт ашиглахын буруу гэж байхгүй юм шүү дээ. Энэ бол дэлхийн жишиг.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ