Даалин бол эр хүний гангараа төдийгүй энергийн уут юм

Манай ард түмэн үр хүүхэд хойч үедээ үндэсний уламжлалт ардын гар урлалын дуусашгүй өв сангаас зааж сургаж түүний арга ухааныг дамжуулж ирсэн билээ. Нутаг нутгийн онцлогоос хамааран хувцас, эд юмсыг зохион бүтээх, урлах, чимэглэх арга нь өөр өөр байдаг.
Даалин урлаж буй хүн бэлгэдэл, өнгө будаг, түүх, уламжлал гээд маш олон төрлийн мэдлэг олж авдаг. Мөн хатгамал хийх явцдаа асар их төлөв түвшин болдог.
Тэвчээртэй, аливаа юмны гарц, шийдлийг зөв олох хандлагатай, ерөөсөө хүний оюун ухааныг хөгжүүлэх хамгийн чухал зүйлийн нэг бол үйл урлах асуудал байсан байна.
Тэр тусмаа хатгамалын урлал нь бусад гар урлалаасаа илүү их олон талын мэдлэг шаардсан ажил болдог учраас хүнийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх, хөгжүүлэхдээ илүү үр нөлөөтэй байсан байна. Үүнийг шинжлэх ухаан ч гэсэн нотлоод одоо уран хатгамалаар эмчилдэг эмчилгээний арга нээжээ.
Даалин бол хамгийн том хүндлэл, эр хүний хамаг сүр сүлдийг нь авч явдаг учраас энергийн уут гэж ярьдаг. Хэрэглэгдэж байсан түүх нь бурхан шашны эд зүйл, эр нөхөртөө сэтгэлийн илэрхийлэл болгож хөөрөгний даалин, аяганы уут урлаж өгдөг байсан.
Даалинг хийхэд зоосон ширээний сүлжмэл гэж орно. Эртний хөөрөгний даалингууд дандаа ийм зоосон ширээний сүлжмэлтэй байгаа. Сүлжмэл тууз учраас юуг ч чимэглэж, эмжиж болдог.
Нэг даалинг доод тал нь 14-20 хоног, дээд тал нь 4 сар гаруй сууж оёж, зөвхөн гараар урладаг, маш их чимхлүүр, нарийн ажил учраас хөөрөгний даалинг үнэхээр юм мэддэг, бидний ажлыг ойлгодог, авъя гэсэн хэрэгцээтэй хүн л авдаг.
“Нацагдорж” хээ гэхэд хүнийг хэл ам, хамаг муу юмнаас хамгаалж байдаг.
Даалин дээр голдуу өлзий хээ урладаг. Өлзий хээ нь өлзий дэмбэрэл тасралтгүй үргэлжлэхийг бэлгэддэг. Хас хээ бүхий даалинг төрийн хүн голдуу хэрэглэдэг ба номонд мэргэн байхыг бэлгэддэг.
Зоосон хээ нь дотроо суман хээтэй, суман хээний дотор талд нар, сар, од мичидийг бэлгэдсэн дугуй хээтэй бөгөөд энэ нь өсөн дэвжиж мандан бадрахыг бэлгэддэг.
Булангийн хээнүүдийг дан дангаар хагасалж урлах нь буй бөгөөд энэ нь хорвоо ертөнц сайн муугийн нэгдэл бөгөөд түүнийг зөөлрүүлэх гэж аргадаж ирсэн ард түмний оюун бодлын илэрхийлэл болдог аж.
Алхан хээний тухайд алхаж гишгэхдээ өлмий нь бат оршиж, алдаа эндэлгүй байхыг бэлгэддэг байна. Дөрвөн хүчтэнд тэнгэрийн хоёр хүчтэн, газрын хоёр хүчтэнг дүрсэлдэг бөгөөд тэдгээр хүчтэнгүүд нэгдэхээр дөрвөн зүгийг эрхшээнэ. Өөрөөр хэлбэл, цаг хугацааг захирагч Дүйнхор бурханы эрхшээлтэй бөгөөд эл бурхан нь дөрвөн зүг, найман зовхисын эзэгнэн захирдаг аж.

Б.Баасанпүрэв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ