Өсвөрийн тамирчид таеквондогийн тэмцээнээс 25 медальтай иржээ

Манай улсын таеквондогийн 15 тамирчин, гурван дасгал­жуулагчийн хамтаар БНСУ-д болсон олон улсын таеквондогийн таван тэмцээнд амжилттай оролцож өчигдөр эх орондоо ирсэн билээ. Тэгвэл тамирчид өчигдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар болон өсвөрийн тамирчид оролцсон юм.

Энэ үеэр дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар “ Тулааны, пунзэ, хатуу биет, үзүүлэх тоглолт болон багийн тулаан зэрэг таеквондогийн таван төрөл байдаг. Манай тамирчид эдгээр төрөлд өмнө нь байгаагүй амжилт үзүүлсэнд баяртай байна. Өнөөдөр дэлхий дээр 206 орны 90 сая гаруй тамирчид таеквондогоор хичээллэж байна. Тэдгээрээс Монгол залуучууд илүү их амжилт гаргаж дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ. Өсвөрийн тамирчид өнгөрсөн сарын 17-оос энэ сарын 2-ныг хүртэл БНСУ-д Жеонжу, Чунчон Солонгос болон Сонгнам хүүхдийн олон улсын таеквондогийн цуврал тэмцээнд оролцож 12 алт, таван мөнгө, найман хүрэл медаль хүртжээ. “Jeonju open international taekwondo championship” тэмцээнд 37 орны 4500 гаруй тамирчид хүч үзсэнээс :

10-11 насны ангилалд Б.Энх-Амгалан пүмзэ төрөлд алтан медаль,
12-13 насны ангилалд М.Цэгц пүмзэ төрөлд хүрэл медаль,
12-13 насны ангилалд Билгүдэй хүрэл медаль,
12-13 насны ангилалд Т.Өсөхбаяр хүрэл медаль,
13-14 насны ангилалд Г.Түвшин хүрэл медаль тус тус хүртжээ.

Харин “Chuncheon Korea open international taekwondo championship” тэмцээнд 57 орны 4300 гаруй тамирчид оролцсоноос

8-10 насны ангилалд Т.Энхжин 35 кг жинд алтан медаль,
10-11 насны ангилалд Б.Энх-Амгалан 35к жинд алтан медаль,
11-13 насны ангилалд Б.Билгүдэй 34 кг жинд алтан медаль,
12-13 насны ангилалд Т.Өсөхбаяр 38 кг жинд алтан медаль,
12-13 насны ангилалд М.Цэгц 45 кг жинд мөнгөн медаль,
Орхон аймгийн тамирчин О.Баасанханд 57 кг жинд мөнгөн медаль,
Хөтөл хотын тамирчин М.Мөнхбат 58 кг жинд мөнгөн медаль тус тус хүртсэн байна.

Мөн “International children taekwondo championship” тэмцээнд 14 орны 1300 гаруй тамирчид оролцсоноос Монголын өсвөрийн шигшээ багийн тамирчид Т.Энхжин, Б.Билгүдэй, Б.Энх-Амгалан, Т.Өсөхбаяр, М.Цэгц нар жиндээ тэргүүлж алтан медаль, Хөтөл хотын тамирчин М.Мөнхбат хүрэл медаль, Налайх дүүргийн тамирчин О.Энхбилгүүн алтан медаль, Орхон аймгийн тамирчин Баасанханд мөнгөн медаль тус тус хүртжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ