Нийтийн тээвэрт нааштай юм бий

Автобусныхан цагаа барьдаггүй, маршрутаараа явдаггүй, буудал алгасдаг, уралддаг, хүн дайрдаг, жолооч, кондуктор нь ааш муутай, мөнгө хүүлдэг, ажил хаядаг гээд л ярьдаг. Тэр нь ч үнэн. Харин нэгдүгээр эгнээгээр явдаг болсноос хойш такситай өрсөлдөх хэмжээнд дөхсөн билээ. Тэгэхээр эл байгууллага, компанийн ажил төрлийг нь шүүмжлэхээсээ гадна, сайн талыг нь бас харах хэрэгтэй болж байна. Сайныг нь зүгээр сайн гээд л хэльчихье. Тэгэхийн тулд баримттай ярья. Нийтийн тээврийн “НЧБ” ХХК-ийн ашиглалтын албаны дарга Д.Нармандахаас доорх тодруулга авав.

-Алслагдсан газар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлнэ гэдэг эрсдэлтэй нь мэдээж. Яагаад энэ чиглэлийг сонгов?

-Нийтийн тээврийн салбарт өнөөг хүртэл 32 дахь жилдээ ажиллаж байна. Ер нь хүн тэр ажилдаа гаршдаг юм шиг байна лээ. Тэгээд л 2008 онд Баруун салааны чиглэлд том оврын автобусаар шугам нээж ажиллуулах санаа төрсөн. Нийтийн тээврийн ямар ч унаагүй шороон замтай, зам нь эвдэрсэн цөөхөн хэдэн айлтай тийм л газар байсан. Нэг, хоёр жилийн дараа хар зам тавигдах байх гэж бодоод л энэ ажлыг арван автобустай зориглон эхэлсэн дээ. Эхэлсэн ажил маань санаснаас хэцүү байлаа. Үйлчлүүлэх хүн цөөн, зам маш хэцүү. Орлого муу шатахуунаа хийж чадахгүйболохоороо унаж явсан машинаа хүртэл зарж байлаа. Таван жил тэмцсэний хүчинд одоо хүнд харуулах юмтай, үйлчлүүлэгчээсээ урмын үг сонсоод, олон ажилчдыг ажлын байртай болголоо. Цалин мөнгө нь ч дажгүй, ажил төрөл урагштай, хүмүүст буян үйлдэж явна.

-Хүмүүс удаан хүлээдэг гэсэн шүүмжлэл байдаг. Бүрэн бололцоогоороо ажиллаж чаддаг уу?

-Манай шугамын М-15 нь арван минутын интервальтай, эргэлтийн хугацаа нь хоёр цаг 20 минут, М-48 буюу Саппоро-гийн чиглэл нь 12 минутын интервальтай эргэлтийн хугацаа нь нэг цаг 20 минут байдаг.

Бид дээд удирдлагын гаргасан график, цаг, тэргэний тоогоор ажиллана шүү дээ.

-Нөхөн олговор аваад үйлчилгээг нь үнэгүй болгоно гэж ярьдаг. Энэ талаар...?

-Улсаас нэхэн олговор аваад үнэгүй болгох талаар миний санал арай болоогүй байх гэж бодож байна. Ямар хэлбэрээр улс мөнгө олж авах вэ гэдэг дээр маш сайн бодох хэрэгтэй.

Өнөөдөр хүмүүсийн ухамсар, бас амьдралын түвшин, ажлын байрны асуудал бүрэн шийдэгдээгүй байхад энэ алхам хэцүү тусах байх. Үйлчилгээ явуулж байгаа бидний хувьд энэ асуудал шийдэгдвэл амар л болох байх даа. Энэ миний л бодол

-Нийтийн тээврийн цаашдын хөгжлийн талаар таны бодлыг сонсмоор байна?

Ер нь нийтийн тээврийг хөгжүүлэхэд автобус явуулснаар муухай болно гэж юу байхав.

Автобус явуулах маршрутаа зөв сонгож, давхцалыг багасгаад, цэвэрхэн явж л байвал болно гэж үздэг. Өнөөдөр нийтийн тээврийн дийлэнх хувийг хувийн хэвшлийн компаниуд гүйцэтгэж байна.

Энэ компаниудаа дэмжээд, туслаад өгвөл бидэнд үйдчилгээгээ сайжруулах боломж байна. Эцэст нь хэлэхэд, зорчигчид маань соёлтой үйлчлүүлж, өглөө эрт босож, орой унтдаг, амралтын цаг багатай ажилладаг жолооч, кондуктор нартай зөв боловсон харьцаж, хэн хэндээ хүндэтгэлтэй хандаж байгаасай л гэж хүсэх байна.

П.Нандин

Гэрэл зургийг Э.Энхтүвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ