"Адмирал"-Константин Хабенский

Константин Хабенский орчин үеийн Оросын кино урлагийн хамгийн чадварлаг жүжигчдийн нэг юм. Тэрбээр 50 гаруй кинонд дүр бүтээж, улмаар ОХУ-ын “Ардын жүжигчин” хэмээх эрхэм хүндтэй цол хүртжээ. Тэрбээр "Заримд нь ганц бүсгүй хангалттай санагддаггүй атал өөр нэгэнд нь цорын ганц бүсгүйгээ хайрлахад амьдрал нь хүрэлцдэггүй" гэж хэлж байсан.

Ингэж хэлэх болсны учир нь түүний анхны эхнэртэй холбоотой юм. Өөрийг нь жүжигчний хувьд үнэлж хүндэлдэг эмэгтэйтэй суухгүй юмсан гэж Константин ярьдаг байжээ. Анхны эхнэр Анастасия Смирнова (Санкт-Петербургийн нэгэн радио станцын сэтгүүлч) түүнтэй анх тааралдахдаа Хабенскийг алдартай жүжигчин болохыг нь таниагүй аж. Тэрбээр “Убойная сила” гэдэг киног телевизээр үзэж байхдаа ирээдүйн нөхрөө хараад “Ямар тэнэг юм бэ” гэж хэлээд телевизороо унтрааж байсан гэнэ.

Үүний дараа төд удалгүй Настя найз бүсгүйтэйгээ сууж байсан зоогийн газар Костя бас найз залуутайгаа орж иржээ. Ленинградын нэгэн зоогийн газар Константинтай анх учраад энэ хөгжилтэй эр телевизээр үзэж байсан кинонд нь тоглосон жүжигчин гэдгийг Настя мэдээгүй юм.

Тэд танилцаж, Константин Настяг өөрийнхөө тоглосон “Калигули” гэдэг жүжигт урьжээ.

Ингээд тэдний хайрын түүх эхэлсэн бөгөөд хосууд 2000 оны нэгдүгээр сарын 12-нд гэрлэсэн юм.

Хабенскийгийн гэр бүл долоон жилийн дараа буюу 2007 онд бүл нэмж, Иван хэмээх хөөрхөн хүүтэй болсон. Хүүхдээ төрүүлсний дараа Анастасия хүнд өвчилж, тархины хорт хавдар гэсэн онош тогтоогджээ.

Анастасия Хабенская жирэмсэн байхаасаа л бие нь өвдөж байсан аж. Эмч нар түүнийг хүүхдээ тээхгүй байхыг хүртэл зөвлөж байсан ч Настя нөхөртөө хүүхэд төрүүлж өгөхөөр нэгэнт шийдсэн байжээ.

Тархины хавдартай гэдэг нь илэрсний дараа хэд хэдэн удаа мэс ажилбар хийлгэв. 2007 онд хавдрын эсрэг анхны мэс засалдаа орсон, хэдэн долоо хоногийн дараа хоёр дахь хагалгаанд оруулав. Үүний дараа Константин эхнэрээ АНУ-ын Лос Анжелес мужийн нэгэн эмнэлэгт хэвтүүлжээ. Америк эмч нарын ачаар хорт хавдрын тархалтыг зогсоож, өвчний явцыг удаашруулж чаджээ.

Настяд эмнэлгээс гарах зөвшөөрөл өгсөн ч түүний биед өөрчлөлт орохгүй байв. Эмч нар Настя дахиад 10 жил амьдрах чадвартай гэж итгүүлж байсан ч 2008 оны арванхоёрдугаар сарын 1-нд хорвоогийн мөнх бусыг үзүүлэв.

Хабенский гэргийнхээ төлөө юугаа ч хайрлаагүй. “Колчак”, “Ирония судьбы-2” зэрэг кинонуудад тоглож олсон мөнгө, үнэтэй байраа зарж, бүгдийг эмчилгээнд зориулсан байна.

Константин Хабенскийгийн буяны сан

Константин Хабенский маш даруухан хүн. Тэр буяны ажилд оролцдогоо олон жил нууж явсан юм. Анхны эхнэрийг нь үхэл хорт хавдартай хүүхдүүдэд туслах буяны сан байгуулахад нөлөөлжээ. 2008 онд тэрбээр хорт хавдартай хүүхдүүдэд туслах Константин Хабенскийгийн буяны санг байгуулсан байна.

Одоогийн байдлаар түүний буяны санд 61 104 635 93 руб (үүний 58 хувь нь аж ахуйн нэгж байгууллагуудаас, үлдсэн нь хувийн хандивлагчдаас) цугларчээ. Түүний сангийн тусламжтайгаар олон зуун хүүхэд эмчилжээ.

Тус сан оношлогоо, хяналт шалгалт, нөхөн сэргээх эмчилгээ, тэр ч байтугай эмч нарын ур чадварыг дээшлүүлэх сургалт хүртэл зохион байгуулдаг байна.

Хабенский анхны хайр, хүүгийнхээ ээжийг авч одсон өвчинд нэрвэгдсэн хүүхдүүдийг тус сангийн ачаар аврахын тулд чармайсаар байна.

Үүнээс гадна 2010 оноос хойш Константин Орос улс даяар бүтээлч хөгжлийн студи нээж эхлэв. Тус студийн гол зорилго нь улс орон даяар залуучууд жүжигчлэх, бүжиглэх авьяас, урлагийн мэдрэмжийг нээхэд нь туслах, мөн хүүхдүүдэд үнэгүй хичээл заах аж. Тус студи одоогоор Воронеж, Казань (хоёр), Санкт-Петербург (хоёр студи), Новосибирск, Уфа, Нижний Тагил (хоёр студи), Екатеринбург (хоёр студи), Пермьд (хоёр студи) тус тус нээгджээ.

"Бидний зорилго хүүхэд болгоныг жүжигчин болгох биш. Гол нь өөрсдийн бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх, чөлөөтэй бодож, мөрөөдөж чаддаг хүмүүсийг хүмүүжүүлэхийг хүсэж байна. Одоогийн нийгэмд мөнгө, хөрөнгө оруулалтын талаар их ярьдаг. Тэгвэл хүүхдүүд бидний ирээдүйн хамгийн сайн хөрөнгө оруулалт юм шүү дээ” гэж тэрбээр хэлдэг юм.

Анхны эхнэрээ алдсаны дараа удаан хугацаанд ганцаараа явсан бэлэвсэн эр Константин 2013 оны зун дахин гэрлэв. Тэрбээр жүжигчин Ольга Литвиноватай гэрлэсэн бөгөөд тэд анх 2002 онд ажлын шугамаар танилцаж байжээ.

Амьдралын олон хүнд сорилтын дараа Хабенский гэр бүлийн амьдралын аз жаргалыг ахин олсон юм.

Ольга Литвиноватай хамт

Хабенский 1972 оны нэгдүгээр сарын 11-нд Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотод инженерийн гэр бүлд мэндэлжээ. Константин аав ээжийн замналаар инженер болно гэж мөрөөддөг байсан гэнэ.

Наймдугаар ангиа төгсөөд тэрбээр Хүнд механизмын багаж хэрэгсэл, автоматжуулалтын мэргэжлээр техникийн сургуульд элсэн орсон юм. Гурван жилийн дараа Константин энэ мэргэжлээр ажиллахыг хүсэхгүй байгаагаа ойлгож, сургуулиа хаяжээ.

Константин 1990 онд Черкасовийн нэрэмжит Ленинградын театр, хөгжим, кино урлагийн улсын их сургуульд элсэн оров.

1995 онд сургуулиа төгссөний дараа "Перекрёсток" театрт нэг жил тоглохын зэрэгцээ телевизийн хөгжим мэдээллийн хөтөлбөрт ажиллаж байжээ.

Үүний дараа 1996 онд А.И.Райкины нэрэмжит Москвагийн “Сатирикон” театрт ажиллах үедээ хэд хэдэн туслах дүр бүтээсэн байна. Харин 1998 онд түүний аз гийж, “Томаш Тотын Наташа”, Дмитрий Месхиевийн “Женская собственность”, А.Ю.Германы “Хрусталёв, машину” гэсэн гурван кинонд тоглов. Эдгээр дүрийнхээ ачаар удалгүй Николай Лебедевийн “Поклонник” кинонд туслах дүр бүтээх болсон юм. Үүний дараа Владимир Фокинагийн “Дом для богатых” олон ангит киноны гол дүрийг бүтээжээ.

Түүнчлэн “Убойная сила” цувралд бүтээсэн дүр нь түүнийг олонд танил, нэр хүндтэй болгосон юм. Харин 2000-аад оноос эхлэн Хабенский Москваги йн кино урлагт хүчээ сорьж эхэлсэн.

Найруулагч Тимур Бекмамбетовын “Ночной дозор”, “Дневной дозор” кинонуудад тоглож, алдар нэр нь улам түгсэн төдийгүй энэ кинонд Хабенскийгийн бүтээсэн Антон Городецкийн дүр шилдэг дүрүүдийн нэг шалгарсан.

Хабенский сүүлийн жилүүдэд уран сайхны кинонд дүр бүтээж байгаа бөгөөд “Адмирал”, “Иронии судьбы: Продолжение” кинонуудад тус тус тоглосон.

Константин найруулагч Тимур Бекмамбетовын 2008 онд Холливудад бүтээсэн “Wanted” кинонд Анжелина Жоли, Жэймс МакЭвой, Морган Фрийман нартай хамтран тогложээ.

2011 онд Шведийн найруулагч Томас Алфрэдсоны “Tinker, Tailor, Soldier, Spy” кинонд Гэри Олдман, Оскарын шагналт жүжигчин Колин Фарт нартай хамтран тоглосон билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ